ХӨВСГӨЛ: Д.Гэлэнхүүгийн хөшөөг Жаргалант суманд байгуулжээ
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан шинийг сэтгэгч, зохион бүтээгч Д.Гэлэнхүүгийн хөшөөг бүтээсэн байна. Д.Гэлэнхүүгийн гэрэлт хөшөөнд зээ хүү Д.Ганболдын зурсан хөрөг болон түүний амьд ахуйдаа санаачлан зохион бүтээсэн бүтээлүүдийг нь дүрслэн харуулсан байна.
Түүний хөшөөн дээр
“Тасын өдөөр далавч хийн нисэж
Тив, дэлхийг тольдохыг хүссэн шинийг сэтгэгч
Тариа тарьж, тарвага нутагшуулсан сайн үйлстэн
Эзэн Богдын урилгаар Жадамба судрын зэс барыг сийлсэн уран дархан
Эхнэрийнхээ эгэмд тогтсон сумыг авч, эдгээсэн анагаагч
Суварга бүтээж, агуй урласан бясалгагч
Цахиур бууг хурдлуулж, оёдлын модон машин зохион бүтээгч, их сэтгэгч Д.Гэлэнхүүгийн гэгээн үйлсийг тэнгэрт өргөж, түмэнд түгээн, газарт мөнхлөв” гэж бичжээ.
Д. Гэлэнхүү Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1878 онд төржээ. Багадаа нутгийнхаа хүрээ хийдэд хэдэн жил шавилан сууж, ном үзэж байгаад хөдөө гарч мал маллан, ан гөрөө хийж, элдвийн юм оролдон хийх дуртайгарын дүйтэй их уран, хийх зүйлийнхээ санааг өөрөө гаргаж хийдэг нэгэн байжээ.
1932 онд лам нарын зэвсэгт бослого гарах үед анх нисэх онгоц харж, түүнээс хойш сармай иллэг цуглуулан, бүргэд агнан далавчийг нь дэлгэн хатааж түүнийгээ агуйд нуудаг байжээ. Шувууны жигүүр олж ирэн өд бүрээр нь салгаж дахин эвлүүлж янзалсныг түүний эхнэр Норов, найз Цэрэн нараас нь өөр хэн ч мэдээгүй гэдэг.Д.Гэлэнхүү нэг өдөр Жаргалант сумын Дүнтэрийн цохионы дэргэд охиноороо хонь хураалган хиймэл жигүүрээ дэлгээд хоёр гараа өргөн ухасхийхэд хүйтэн сэрүүн агаарт аажуухан хөөрөх шиг болжээ.
Гараа алдлан хиймэл далавчаараа дэвсээр бөөгнөрч хурсан хонин дунд эсэн мэнд бууж байжээ.
Түүний Дүнтэрийн цохионы оройгоос ниссэн тухай үлгэр домог шиг яриа удалгүй ам дамжин түгсэн гэдэг.Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хамт олон монгол хүн агаарт нисэхийг хүсэж мөрөөдөж байсны бэлгэ тэмдэг болгон Д.Гэлэнхүүгийн хөшөөг 2006 онд бүтээж, нисэх буудлынхаа урд босгосон ажээ.