Д.Баярхүү: Сонгогчид зөв сонголтоо хийхэд л электорат хөдөлгөөний үндсэн зорилго оршино

45
“Электорат” хөдөлгөөний гишүүн, судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.
-УИХ-ын 2020 оны сонгуульд зөв хандлагатай, шинэ үеийн улстөрчдийг тодруулах зорилго бүхий “Электорат” хөдөлгөөн байгуулагдсан. “Электорат” хөдөлгөөнийн хувьд зөв хүнээ олж нийгмийг эрүүлжүүлэх тухай ярьж байгаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье...
-“Электорат” хөдөлгөөн анхнаасаа “Зөв хүнээ дэмжье” гэсэн уриатай эхэлсэн. Зөв хүнд төр бариулах нь улс төр эрүүлжих гол нөхцөл хэмээн үзсэн 60 гаруй хүн энэ хөдөлгөөний анхдугаар чуулганыг хийж байснаас хойш бүтэн жил өнгөрөөд байна. Нэр хаягнаасаа эхлээд монголчуудад эрхбиш танигдаж эхлээд байгаа болов уу. Гадаад нэртэй байна гээд эргэлзэх тээнэгэлзэх явдал байж таарахгүй. Сонгогчид руугаа хандсан ТББ байна гээд ойлгочихож болно. Аль нэг нам, улстөрч рүү биш, Монголын сонгогч олон түмэн рүү ханджээ гэсэн үг шүү дээ. Энэ нийгэм эрүүлжихгүй бол үнэхээр болохгүй болчихоод байна. Гучин жил шилжилт хийж, 30 жил ямагт нуман тулгуурт байж, ард иргэд нь ямагт хийрхэж туйлширч байгаагаас нийгмээрээ залхчихсан байна. “Электорат” жинхэнэ ёсоороо төлөвшчихвөл Монголын улс төрийн амьдрал цэгцрэх, хүн ардын хий хүлээлт, нийгэмд ямагт амь бөхтэй байдаг уур хилэн, үзэн ядалт цэгцрэх, гол нь популизмыг газар авахуулахгүй байхад нэн тустай. Энэ бүхний үндсийн үндэс нь сонгогчдын маань зөв мэргэн оновчтой сонголт шүү дээ. Сонгогчид зөв сонголтоо хийхэд л энэ хөдөлгөөний үндсэн үүрэг зорилго оршино. Бид анх байгуулагдаж байхдаа л аль нэг нам, улс төрийн хүчний нэр хаяг заагаагүй, ердөө зөв хүнийг олж сонгоё, сонгоход чинь тус нэмэр болъё л гэсэн. Тэр байр суурь хэвээрээ байна.
-Сүүлийн үед улс төрд залуу хүчин байх ёстой гэсэн хандлага бий болчихжээ. Түүнчлэн залуучуудыг сонгоё, шинэ хүч хэрэгтэй гэж байна…
-Одоо төр барьж байгаа болон сөрөг хүчин болж байгаа улс төрийн намуудад олон түмний итгэл сэтгэл алдарчихсан учраас МАН, АН биш бол хэн ч яахав гэсэн сэтгэхүй нийгэмд гүн суусан, тархсан байдалтай байна. Олон түмэн ерөөсөө манай өнөөгийн энэ улс төрд итгэхгүй талдаа болжээ. Төрд гарч ирсэн хэн ч байсан хулгайч болдог гэсэн үзэл бодол нийгэмд түгээмэл байна. 1990 оны УБХ-аас эхлээд 2016 оны УИХ-ыг хүртэл монголчууд найман удаа парламентаа сонгожээ. Хэн хэнийг сонгож ирсэн нь тодорхой. Тэд ээлжлэн, эсвэл хамтран 30 жил төр барилаа. Одоо байж байгаа нь ямар байна. Атаа жөтөө, эрх чөлөө, мөнгө хосолсон өмнөх олон сонгуулиудад нь ард түмэн, төрийн машин өөрөө чирэгдэн сөхөрч, гадаад дахь түншүүд маань бүрэн залхжээ. Энэ бүхнийг харьцуулж үзээд, хэрэг дээрээ гутраад МАН, АН биш бол залуу, шинэ ямар ч хүн намыг дэмжье гэсэн үзэл нийгэмд давамгайлж байгаа бус уу. Энэ утгаар залуучуудыг сонгоё гэсэн уриа цуурай яваад байгаа хэрэг. Би ч гэсэн 2020 оныг залуучуудын, сонгуулийн хувьсгалын жил болгоё гэсэн ухуулга бишгүйдээ хийлээ. Нийтлэлээ ч түүнд зориуллаа. Нийгэмд бугшаад тэсрэх дөхсөн ноцтой асуудал болчихсон, нэг сонгуулиас нөгөө сонгууль хүртэл нийгмээрээ талцдаг, улс төрд байгаагаа үзэн яддаг явдлыг 2020 оны сонгууль засаасай гэсэндээ би үзэг үгээ хурцалсан юм. Энд би хатуухан хэлж байгаа ч мэдээллийн сайтуудын сэтгэгдлээс тийм үзэн ядалтыг олж мэдрээд хэлж байна. Сэтгэгдлийн ихэнх нь үзэн ядах, унтраах, гутаах зэрэг сөрөг агуулгатай. Нийгэм маань цагтай мина, тэсрэх бөмбөг шиг болчихсон, үндэсний аюулгүй байдлыг цаагуураа сулруулчихсан байна. Гуравхан сая хүн арддаа гучин хэдэн улс төрийн нам бүртгээд авчихсан, “үндэсний” гэсэн нэр хаягтай элдэв хөдөлгөөн, ТББ хурын дараах мөөгний хүрээ аятай тэлж байгаа чинь саарал ордонд одоо засаглаж байгаа намуудыг, улстөрчдийг үзэн ядаж, байж суух газраа олохгүй яваагийн илрэл шүү дээ. Дөрвөн жилд нэг удаа олддог, хэрэг дээрээ сонгогч төрийн эрх барилцаж байгаа тэр торгон мөч сонгуульдаа идэвхтэй тулхтай оролцож, зөв мэргэн, оновчтой сонголтоо хийгээсэй, саналаа бүү худалдаарай гэж уриалмаар байна.
-Улс төрд дан залуу боловсон хүчнээс гадна туршлагатай, улс төрд удаан зүтгэж байгаа хүмүүс ч байх нь зүйтэй юү?
-Энд дан залуу боловсон хүчнээр төр бариулах тухай яриагүй шүү дээ. Мэдээж хослуулна. Залуу гэдэг нь нас заагаад насны ангилал хийгээд байгаа хэрэг биш. Цаад агуулгаар нь ойлгох хэрэгтэй. Улс төрд удаан зүтгээд хийсэн, бүтээсэн, хэрэг тарьсан, сүйтгэсэн бүх түүх нь нүдэн дээр ил гараад ирсэн нөхдийг яах болж байна. УИХ-д 30, 28, 24, 20, 16 жил сонгогдчихсон, олны танил болчихсон, хэрэг дээрээ шахаад шахаад гаргадаг хийдгээ гаргаад дуусчихсан нөхдийг улс төрөөс явуулж, оронд нь цоо шинэ идэр залуу, эрч хүчтэй, нэр цэвэр, гавьяа байгуулаагүй ч гай тариагүй нөхдийг зөрүүлж сонгооч ээ гэсэн уриалга л иргэдийн дунд яваад байгаа хэрэг шүү дээ.
-2020 оны сонгуульд ямар хүмүүс гарч ирэх бол...
-Шинэ залуу улс төрийн хүчнүүд, бидний үздэгээр зөв хүмүүс л олноороо сонгогдоосой, саналаа битгий худалдаасай, популизмд бүү автаасай л гэж уриалах байна. Тэр дундаа 18-35 насны залуус сонгуульдаа идэвхтэй оролцоосой, төлөөллөө ил тод шударгаар гаргаад ирээсэй гэж ерөөхөөс өөрөөр яалтай билээ.
-2020 оны сонгуулийг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Сонгууль гэдэг чинь үндсэндээ сонгогчдын давлагаа шүү дээ. Сэтгэл хөөрөл, олноороо дарвих явдал их нөлөөлдөг. Заримдаа хавтгайдаа шуурах үе ч бишгүй тохиодог. Ардчилсан хүчнүүд олон салсан, ард иргэд өмч хувьчлалд хямарсан гээд 1992 онд МАХН руу хуйларч давлагаалсан. 1996 онд ардчилсан хүчний МҮАН-МСДН-ын эвслийн төлөө давлагаалсан. 2000 онд мөн МАХН руу хуйларсан, 2016 онд мөн МАН руу тэгсэн гээд жишээ их бий. Гэхдээ сонгогчдын 90 хувь, 80 ба 70 хувь, ядаж 60 хувийн санал авсан ганц ч тохиолдол байхгүй. Сонгуулийн хуулийн цоорхой гэх үү, 50 гаранхан хувийн саналаар УИХ-ын суудлын 90-ээс дээш хувийг авч байсан даа. Гучин жил улс маань бужигналаа. Амьдрал сайнгүй байна. Ирээдүйдээ итгэх нь сайнгүй байна. Ядуурал, ажилгүйдэл, мөнгөгүйтэл хавтгай байна. Тийм учраас нэг солиод үзье, юмыг яаж мэдэхэв гээд 2020 онд дахин давлагаалахыг үгүйсгэх аргагүй. Давлагаалбал шинэ залуу улстөрчид, эрх барьж байгаагүй улс төрийн намууд руу хуйларч болно шүү дээ. Ер нь тэгэхийн төлөө иргэд хэл амаа хурцлаад билүүдээд, намууд нь эвсээд, хуучнууд нь нэр нүүрээ шинэчлэх гээд байгаа юм биш үү. Тэгэхдээ нэр дэвших хүсэлтэй бүх нам, нөхдөд би байнга сануулж хэлдэг нэг ухуулга бий. “Та нар 76-хан суудалд өрсөлдөнө шүү” гэж.
Хэт олуулаа салж салбарлаж өрсөлдвөл санал хуваагаад дуусна. Тэгээд олон түмний сонгох дургүй ганц улс төрийн хүчнийг ялуулчихна. Дараа нь юу болдог билээ гэж одоо ч сануулж анхааруулахад илүүдэхгүй. 2020 оны сонгуулийн онцлог гэвэл дэлхий дахиныг балмагдуулсан аюулт цар тахал өвчинтэй тэмцэж байгаа цаг үед тохиох нь байна. Тэр нь мэдээж сонгуулийн явц ба дүнд нөлөөлж таарах байх. Сонгуулийн кампаниа онлайнаар явуулна, хэвлэмэл сурталчилгаа хийнэ, халз уулзалт, цуглаан хийхгүй, хөл хөдөлгөөнийг хязгаарлана, ийм нөхцөлд яах вэ, яавал сонгогдох вэ гэдэгтээ өрсөлдөх нам, бие даагчид анхаарах хэрэгтэй болох биз ээ.
-Монголын социал-демократ нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Зүй ёс нам хамтран “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвслийг байгуулж, эвслийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү эвслийг Зөв хүнээ дэмжих уриатай "Электорат" хөдөлгөөн дэмжихээ илэрхийлсэн. Энэ тухайд?
-Зөв хүнийг дэмжих тухай манай хөдөлгөөний уриа, хөдөлгөөний нэрийг авсан энэ гурван намыг энэ сонгуульд дэмжих эсэх дээр манайхан удтал ярилцаж шийдвэрээ гаргасан. Манай улс чинь парламентын засаглалтай, парламентад олонх болсон нам, хүчнүүд Засгийн эрх барих, эвсэж барих эсэхээ шийддэг. Далан зургаан нам бусчууд цуглачихвал төр будилна. Тэр утгаар шийдвэр гаргасан гэж үзэж болно. Гэхдээ бид зөв хүнийг л дэмжинэ гэсэн учраас бусад намууд дахь, эрх барьж байгаа болон УИХ-д суудалтай байгаа намуудын нэр дэвшигч зөв хүмүүсийг дэмжинэ. “Намууд дахь зөв хүмүүс” гэдэгт МСДН-ХҮН-ЗЁН гурван намыг бид харсан, хамтран ажиллахаар ярилцаж байна. Хамтран ажиллана гэснээс бус шууд дэмжээд ялуулчихна гэсэн үг биш шүү дээ.
Намуудын эвслийн ажилд бид хутгалдан орохгүй. Нэр төрөөрөө баталгаа–дэмжлэг болно. Миний хувьд тэгж дэмжчихээр зарим нэг залуусыг товлоод байгаа. Тэр нь Электорат хөдөлгөөний үндсэн байр суурь бодлоготой харшлахгүй болов уу. Эцэст нь тэмдэглэхэд, хөл хөөрцөг болж болж УИХ-аа сонгодог, дараа нь заавал сэтгэл дундуур үлддэг, тэгээд дөрвөн жил хонзогнодог, ийм нэг тамын тойргийг л 2020 оны сонгууль халаасай билээ.

Б.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: Өдрийн сонин скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
khuvsgul.nutag.mn