Хөвсгөл аймгийн цаан сүргийн тоо толгой 6.4 хувиар өсжээ

Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал гэгддэг цаан сүргийн тоо толгой тогтвортой өсөж, 2025 оны жилийн эцсийн тооллогоор 2941-д хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 6.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Жил бүрийн тооллого арванхоёрдугаар сард болдог бөгөөд энэ үеэр цаа тайгад гарчихдаг учраас бэлчээрт нь очиж бүртгэдэг аж.
Цаа буга нь тайгын царам, өндөр уулын таг газрын хаг, хөвдөөр хооллодог сүргийн зохион байгуулалттай, өвөрмөц амьтан юм. Монгол чууд агтлаагүй эр цааг этэр, зассаныг нь зарь, эмийг мянжиг, төлийг нь хугаш хэмээн нэрлэдэг. Биеийн бүтцийн хувьд 220 см урт, 140 см өндөр сэрвээтэй бөгөөд 300 орчим килограмм жинтэй. Мөн богино хөл, урт хүзүү, жижиг чихтэй энэ амьтны зүс улирал бүрд хувирч өөрчлөгддөг онцлогтой. Ороо нь аравдугаар сард ордог бөгөөд мянжиг хээлээ 220-225 хоног тээж, тавдугаар сард төллөдөг байна.