Л.Төмөрбаатар: Хөвсгөл аймаг 2026 онд 76 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож бүтээн байгуулалт өрнүүлнэ
-Танай аймаг сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын санхүүжилтээ өөрсдөө босгож байгаа харагдсан.Энэ жилийн тухайд хэчнээн тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийхээр зорьж байна вэ?
-Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дөрвөн үндсэн зорилттой. 2025 онд 336 ажил хийхээр төлөвлөсөн. Ер нь аймагт улсын төсөв, гадаадын зээл тусламжаар л барилга байшин барьдаг. Тэгээд УИХ-ын гишүүн нь “Би улсын төсөвт тавиулсан, аймгийн Засаг дарга нь би бас хөөцөлдсөн” гээд,барилга байшин ашиглалтад ороход гурав дөрвүүлээ цагаан бээлий өмсөөд гараад ирдэг.
Манай Хөвсгөл аймгийн хувьд энэ дөрвөн жилд тийм асуудал байхгүй. Энэ хугацаанд бид 208.5 тэрбум төгрөгийг өөрөө босгож бүтээн байгуулалт хийхээр зорьж байна. 2025 онд 52.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг Хөвсгөл аймаг өөрөө босгож хийж чадлаа.
2020-2024 онд Хөвсгөл аймгийн орон нутгийн орлого, өөрийн хөрөнгөөр босгож хийсэн ажил 45.6 тэрбум төгрөг байсан.Үүнд цар тахлын нөлөө байсан байх.Дөрвөн жилд ийм хэмжээний хөрөнгө босгож ажил гүйцэтгэж байсан бол өнгөрсөн 2025 он буюу нэг жилд бид 45.6 тэрбум төгрөгийн ажил хийгээд байна.Тухайлбал, Мөрөн суманд 10.8 км автозам барьсан нь 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан ажлын хүрээнд хийсэн том ажлын нэг гэж бодож байна.
Мөн 2299 айлын янданг буулгах боломж бололцоо бүрдсэн.Энэ хэмжээгээр агаарын бохирдол буурна. Өнөөдөр Мөрөн суманд 10258 яндантай айл бий. Бид өнгөрсөн онд зохион байгуулалтын ажлуудаа хийсэн. Энэ оноос айл өрхүүдээ дулаанд холбоно. Энэ бол эдийн засгийн хувьд ч өндөр ач холбогдолтой.
Тухайлбал 25 сая төгрөгөөр үнэлэгддэг хашаа байшин 50 сая төгрөг болж иргэдийн эдийн засгийн эргэлт сайжрах юм. 8м2 байшинтай айл гурван машин мод 2.2 сая төгрөгөөр худалдан авч түлшинд хэрэглэдэг байсан бол дулаанд холбогдсоноор 616 мянган төгрөг зарцуулж байх жишээтэй.
-Хашаандаа тарьж ургуулсан модных нь тоогоор мөнгөн урамшуулал олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хэр бодитой ажил болсон бэ?
- Хөвсгөл аймгийн төвийг ногоон Мөрөн болгох тухай олон жил ярьсан. Одоо энэ зорилтын хүрээнд тодорхой талбайд модоо тарина. Үүнийгээ 100 хувь ургуулах том зорилттой. Мөрөнгийн зүүн талд Улаанбаатар руу явах замын хажуугаар 5.5 км хашаа барьж 5200 ширхэг мод тарьсан. Хаврын ургалт 95.8 хувьтай байна.
Өнгөрсөн намар ургаагүйгээ нөхөж суулгаад 100 хувь ургаж байна. Хоёр жилийн дараа мод өөрөө ургаад ирэх үед хашааг нь өөр газарт мод тарихдаа ашиглах юм. Манай аймагт тулгамдсан олон асуудал бий.
Ажлын байр олноор бий болгох томоохон үйлдвэр, үйлчилгээний газар болон уул уурхайн салбар хөгжөөгүй. Тиймээс Хөвсгөл аймаг гурил буудайгаа 100 хувь, төмс, хүнсний ногоогоо 75.8 хувь, нарийн ногоог 33.2 хувиар олон жил хангаж байна. Тэгэхээр Засаг даргын зүгээс айл болгон хашаандаа мод таръя, 10 модны тав нь жимсний, тав нь агаарын бохирдол, тоос шороог бууруулах мод тарья гэсэн журам баталсан.
Мөрөн сумын хэмжээнд 2025 оны хавар 900 гаруй өрх мод тарьсан. Ажил хариуцсан комисс айлын хашаа болгоноор явж баталгаажуулсан. Намар ургаад ирэхээр нь аймаг нэг модыг 50 мянган төгрөгөөр үнэлж иргэдээсээ авна.
Мөрөн сумыг нарийн ногоогоор хангах зорилгоор 1000-1200 хүлэмжийг 2026 онд иргэддээ өгөх юм. Жишээлбэл, иргэн Доржтой Мөрөн сумын Засаг даргын тамгын газар гэрээ хийнэ. Сургалтуудаа ч зохион байгуулна. 2025 онд 480 орчим хүлэмж өгсөн. Ингэснээр иргэдийн сонирхлын бүлгээр байгуулагдсан төрийн бус олон нийтийн байгууллагын хүмүүсийг дэмжиж хамтран ажиллаж байна. Ахмадуудын бүлэг мод тарилтад маш сайн ажилласан.
-Хогийн цэгийн утааг дарах гэсэн ажлыг хэрэгжүүлсэн гэж байсан. Үүнийгээ тодруулна уу?
-“Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн бас нэг том ажлын нэг нь энэ юм. 1952 оноос хойш Мөрөн сумын Элстийн ард төвлөрсөн хогийн цэгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сайд байхдаа нэг удаа хумьж цэвэрлэсэн. Аймгийн төвийн урд зүгээс салхилахаар Мөрөнгийн төв, 13 дугаар хороо хүн амьдрах аргагүй битүү утаанд автдаг байсан.
Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгө болох 890 орчим сая төгрөгийн тендер зарлаж зохих стандартын дагуу хог тээвэрлэх,устгах ажлыг хяналт тавьж ажиллуулсан. Ингэж хогийн цэгээс нэг ч утаа гарахааргүй нам дарж чадлаа.
Мөн цэвэрлэх байгууламжаас гардаг бохирын үнэрийн аюулыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч тодорхой хэмжээнд бууруулж чадсан. Эрүүл мэндийн байгууллагын тохижилт, тоног төхөөрөмжийг сайжруулахад зориулж мөн 2025 онд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Нэгдсэн эмнэлэг ч гаднаа 128 машины зогсоолтой боллоо.
-Хамгийн их татаастай аймаг 2025 онд орлогоо хэрхэн бүрдүүлсэн нь сонирхол татаж байна. Мөн энэ онд бүтээн байгуулалтын төслүүдийн зарим санхүүжилтээ өөрсдөө босгоно гэж байсан?
-Хөвсгөл аймаг хамгийн их татаастай аймаг. 2026 онд 40.8 тэрбум төгрөгийн татаас авах байсныг УИХ-аас дөрвөн тэрбум төгрөг хасаж 36.8 тэрбум болж буурсан. 2026 онд бид зарцуулах 100 төгрөг тутмынхаа 50.8 төгрөгийг өөрөө олох юм. Бид чамлахаар чанга атгах ёстой байх. Эдийн засгийн орлого талаас нь харвал манай аймгийн орлого хэврэг л дээ. Цалин түүнтэй адилтгах орлого 40 гаруй хувийг эзэлдэг. Уул уурхай хөгжсөн аймгуудтай харьцуулахад эдийн засгийн бяр тэнхээний хувьд харьцангуй муу. 2024 онд орон нутгийн орлогоос 50 тэрбум төгрөгийг давуулж өгсөн. Тэр хөрөнгөөр биднийг туйлж байна гээд байсан. Тийм биш юм аа. Хөвсгөл аймаг 21.2 тэрбум төгрөгийн давсан орлоготой. Үүний 11 тэрбум төгрөг нь самрын орлого. Сайдын журмын дагуу 50 хувь нь Байгаль орчин уур амьсгалын санд орох журамтай.Өмнөх дөрвөн жилд нийт 46.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. Тэгвэл эдгээр орлогоос 2025 онд 52.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг аймаг өөрийн хөрөнгөөр хийлээ.
-Улсын төсвөөс хасагдсан зам гүүрний барилгын төсвийг орон нутаг шийдвэрлэсэн гэж байсан?
-Орон нутгаас зургийн санд 2.2 тэрбум төгрөг хуваариллаа. Өмнө нь улсын төсвөөс хасагдаад байсан дархадын гурван сумын Багтахын голын гүүрний зургийн ажлыг орон нутгаас 250 сая төгрөгөөр хийлгэж улсын төсвөөр батлууллаа. Мөн Бэлтэсийн голын төмөр бетон гүүрний зургийг орон нутгаас 280 сая төгрөгөөр хийж батлуулсан. Рашаант сумын Цэнгэлийн голын бетонон гүүрний зураг төслийг ч бас хийлгэлээ. Хөвсгөл аймаг өөрөө орлогоо олж байгаа учраас зам гүүрээр зогсохгүй нэн шаардлагатай бүтээн байгуулалтын томоохон зураг төсвийг ч өөрсдийн санхүүжилтээр хийж байна.
Тухайлбал, Зүүн Мөрөн хороололд Азийн хөгжлийн банкны шугамаар 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төслийг хийсэн.Ингэснээрээ олон улсын зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм.
2025 оны зорилтыг бүхэлд нь дүгнэвэл төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, гадаадын байгууллагатай хамтран ажиллах, хөрөнгө босгох зэргээр бүх салбарт ажил өрнөсөн жил байв. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 35 жилийн хугацаанд Хөвсгөл аймаг өөрөө мөнгөө босгож ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагүй юм. Миний хувьд орон нутгийн есөн удаагийн сонгуульд өрсөлдөж найман удаа Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, найман удаа Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталсан хүн. Тиймээс ч Хөвсгөл аймгийн ажил төрөл, орлого зарлагын тухайд ерөнхийдөө мэдлэг туршлагатай.
-2026 онд тулгамдсан ямар ажлуудыг хийхээр зорьж байна. Хамгийн чухал гэснээс нь нэрлэвэл?
-2026 онд Хөвсгөл аймаг дөрвөн зүйл дээр онцгой анхаарна. Спорт, урлаг, гар урлалын томоохон үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 332.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын 58 арга хэмжээг хэрэгжүүлнэ. 2026 онд Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгөөр 14 м/ваттын Дулааны станц барих гэж байна. 25 тэрбум төгрөг болж байгаа.
Улсын төсвөөр Дулаан цахилгааны станцыг 1968 тэрбум төгрөгөөр өргөтгөж байна. Зүүн Мөрөнгийн 77 га газарт 235 барилга, орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөсөн. Хамгийн гол нь дулааны асуудал хүнд. Үүнийг шийдвэрлэхийн тулд Хөвсгөл аймаг мөн өөрийн хөрөнгөөр зураг төслийг хийлгэж энэ оны нэгдүгээр сард тендер зарлана.
11 орчим тэрбум төгрөг орон нутгийн төсвөөс хуваарилсан.Дулааны станцыг 2027 оны аравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад өгөх ёстой гэсэн зорилго тавьж байна. Энэ бол маш том бүтээн байгуулалтын ажил. Ингэснээр суурьшлын бүс өргөжиж тэлэх, айлууд дулаанд холбогдох нөхцөл бүрдэж, улмаар агаарын бохирдол буурна. Мөн 35 болон 10 к/втын дэд станцын өргөтгөлийн ажлыг хийнэ. Түүнчлэн орон нутаг 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж 4000 айлын янданг буулгах юм. Энэ бол том бүтээн байгуулалт болно. Таван суманд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэгдсэн уурын зуух барина. Нэмээд Мөрөн суманд дөрвөн замын уулзвар байгуулна.
Нэг км зам 5.5 сая төгрөг. Гол төв замыг дөрвөн эгнээ болгоно. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд нэмж 3000 айлд тоног төхөөрөмж, 1000-1200 өрхөд хүлэмж өгнө. Ингэж бүх салбарт орон нутгаас хөрөнгө оруулалт хийж, бүтээн босгохоор ажиллаж байна.
Хөвсгөлд аймагт тулгамдсан маш олон асуудал бий. Жишээлбэл, Мөрөн сумын Засаг дарга дээр 0.07 газар хүссэн 1900 айлын, Түнхэл сумын Засаг дарга дээр 600 өргөдөл байдаг. Аймгийн Засаг дарга 2500 айлд газрын асуудлыг шийдэж байгаа. Мөрөн сумын Засаг дарга, холбогдох албаны хүмүүст ч үүрэг даалгаврыг өгсөн. Нийгмийн дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Сумд 600 саяас 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Сумдын энэхүү хөрөнгө оруулалтыг нэмж тооцвол Хөвсгөл аймаг 2026 онд 76 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож бүтээн байгуулалт өрнүүлнэ. Миний хувьд хэдэн жилийн өмнө ингэж төсөөлөөгүй явсан байна. Энэ дөрвөн жилд Хөвсгөл аймгийн хөгжил тодорхой хэмжээнд шинэ шатанд гарна.
Эцэст нь Хөвсгөл аймгийн уугуул, суугуул, бизнес эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг бүх хүмүүстээ хандаж хэлэхэд Хөвсгөл аймаг 2025 онд тодорхой асуудлуудыг шийдэж чадлаа.
2026 онд бүгдээрээ хамтраад амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, бусад салбаруудад төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарч ажиллах боломж дүүрэн байгаа гэдгийг хэлье. Аймгийн Засаг даргын зүгээс иргэн, аж ахуй нэгж, төр хувийн хэвшлийн бүх санал санаачилгыг дэмжин ажиллах болно. Хамтдаа хөгжицгөөе Хөвсгөлчүүд ээ гэж хэлье.
Ц.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
