Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар "Уаз-3962'' загварын суудлын автомашин баруун талын урд болон хойд дугуй хэсгээрээ хар хил рүү орж хазайсан байсныг алба хаагчид татан гаргажээ.
Тодруулбал, Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд “Хөвсгөл” далайн мөсөн дээгүүр явсан суудлын автомашин нэгдүгээр сарын 11-ний өдрийн 21:30 цагийн орчим хар хил рүү баруун талын дугуй хэсгээрээ орсон, зорчигчид нь автомашинаасаа эсэн мэнд гарсан дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид очиж, тус автомашинд зорчиж явсан 4 хүнийг тээвэрлэн мөн өдрийн 01:20 цагт Хатгал тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн байна.
Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүлийн зузаан харилцан адилгүй, нимгэн хөлдсөн байгаа учир иргэд, аялагчид, малчид, тээвэрчид та бүхнийг мөсөн дээгүүр явган болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг урьдчилан сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ОБЕГ