“Хөвсгөлийн өнгө” сайт малчдад туслах уриалга гаргалаа
![](/uploads/posts/2020-02/1582792807_huvsguliin-ungu.jpeg)
Тус аймгийн Жаргалант, Цэцэрлэг, Галт, Шинэ-Идэр сумын нутагт цас ихтэй өвөлжилт хүндэрсэн байна. Аймгийн Онцгой комисс шаардлагатай арга хэмжээг шуурхай авч өвс тэжээлийг хүргүүлж байгаа бөгөөд Жаргалант суманд Аймгийн Онцгой комиссын гишүүн Ч.Дашбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн бүтэн дөрвөн сарын турш өдөр шөнөгүй зүтгэж байгаа малчид малын бэлчээргүй болж ядарч туйлдаж байгаа учраас ард иргэдийг малчин иргэдээ сэтгэлийн дэм өгөхийг уриалсан байна.
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн ардын сайхан үг бий. Та бүхэн халуун сэтгэл гарган малчин иргэддээ туслах уриалгыг дэмжээрэй гэж "Хөвсгөлийн өнгө" сайтаас мэдээлэв.
Малчиддаа туслаж буй ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын мэдээ, мэдээлийг "Хөвсгөлийн өнгө" сайтын хамт олон уншигчиддаа шуурхай хүргэж олон нийтэд сурталчлан ажиллах аж.
Хөвсгөлийн өнгө сайт байгуулагдаад гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өдөр бүр хамгийн шуурхай мэдээ, мэдээллийг баталгаат эх сурвалжаас хүргэх эрхэм зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Б.Гантуяа