Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж 149-р тогтоолоор бүх аймагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар болсон. Иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт “Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэх, систем нэвтрүүлэх” сургалт энэ сарын 6-нд боллоо.
Төрийн үйлчилгээ операторын тогтолцоонд шилжсэнээр төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх бөгөөд цаг хугацаа, зардал хэмнэсэн, тэгш шударга, нэгдсэн хяналт, хүртээмжтэй тав тухтай орчин, ил тод нээлттэй, шат дамжлага бага, харьяалал харгалзахгүй, соёлтой үйлчилгээг иргэд хүртэх боломжтой болох юм байна.
Сургалтын үеэр төрийн үйлчилгээг үзүүлэхэд үйлчилгээний ажилтан ашиглахад зориулсан компьютер, хэвлэгч, оператор үнэлгээ өгөх төхөөрөмж, хурууны хээ, иргэний цахим үнэмлэх уншигч, дотоод сүлжээний төхөөрөмж, хэрэгсэл, VOIP телефон адаптер, суурин утасны аппарат, цахилгаан уртасгагч, слайд зэрэг тоног төхөөрөмжүүдийг сумдад хүлээлгэн өглөө. Тус аймгийн 23 сум, 1 тосгон операторын үйлчилгээний нэгдсэн төвтэй болсноор 11 агентлаг, байгууллагын 54 төрлийн лавлагааг цахим хэлбэрээр үзүүлэх ажээ.
Б.Гантуяа