Намууд итгэл алдахад нэр дэвшигчид бие дааж байна
1996 оны сонгуульд жижигсгэсэн мажоритар системээр нэг, нэг мандат хувилбараар сонгууль явсан. Энэ сонгуулиар нийт 302 хүн нэр дэвшсэн бөгөөд эдгээр нэр дэвшигчид таван нам, хоёр эвсэлд багтаж, ердөө 35 нь бие даан нэр дэвшигч байжээ. Энэ сонгуулийн дүнд Ардчилсан нам 50 суудалтай, МАХН буюу одоогийн МАН 25 суудалтай, МУНН нэг суудал авсан байдаг. Нэг ч бие даан нэр дэвшигч ялалт байгуулаагүй. Харин 2000 оны сонгууль 1996 оны жижиг можаритар системээр явсан бөгөөд нийт 13 нам, гурван эвсэл оролцов. 602 нэр дэвшигч өрсөлдсөнөөс бие даан нэр дэвшигч 27 байв. Өрсөлдөх нам эвслийн тоо нэмэгдсэн төдийгүй нэр дэвшигчийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэн. Харин бие даагчдын тоо улам цөөрсөн харагдана. 2004 оны сонгуулиар бие даан нэр дэвшигч арав гаруйхан болж багассан байлаа. Харин одоо намуудын нэр хүнд унахад бие даан нэр дэвшигчид олширч байна.
1996-2000 онд нэг зүйл үзэгдэл их тод харагдаж байсан. Эрх баригч намын нэр хүнд унах үед өрсөлдөх нам эвслийн тоо өсч байж. Эсрэгээрээ бие даагч нь бүр цөөрсөн харагдана. Тэр үед олон намд хуваагдаж нэр дэвшиж байлаа. Бие дааж өрсөлдөөд гарч ирэх боломж бараг байхгүй гэж үздэг байж.
Тэр үеийн сонгууль МАХН/одоогийн МАН/ ба бусад гэж явагддаг байв. Ардчиллын үр шимийг хүртэж эхэлсэн ард түмэн тэдэнд итгэл хүлээлгэж 1996 онд АН 50 суудал авч эрх барьсны дараа 2000 оны сонгуулиар МАХН үнэмлэхүй ялалт 72 суудал авч Ардчилсан нам ердөө ганцхан суудалтай үлдсэн. АН тэр үед нэр хүндээ барсан байв. Юу ч хийгээгүй биш, чамгүй ажил хийсэн байсан ч дотоодын улс төр нь тэднийг ялагдахад том нөлөө үзүүлсэн. С.Зориг амь насаа алдаж, эрх баригч өөрийнхөө Засгийн газрыг хэд хэд огцруулж, М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын, Р.Амаржаргалын тэргүүлсэн хэдхэн сарын настай Засгийн газрууд ээлжилж, албан тушаалын хэнээрхлээсээ болж, дотоод улс төр нь хэтийдсэн. Ингэж тэд нэр хүндээ барсан. Тэр үед АН нэр хүндээ барж, МАХН нэр дэвших хүнээ багтааж ядаж байсан болохоор олон жижиг намд хуваагдан нэр дэвшив. АН-тай хамтран засаг барьсан соцдекүүд хүртэл 2000 оны сонгуульд тусдаа орж байв. МАХН тэр үед үнэмлэхүй ялсныг дээр дурдсан. Энэ жилийн сонгууль тэр үеийн сонгуультай төстэй байна. Эрх барьж буй МАН нэр хүндээ барсан. ЖДҮ, концесс, хүчин, хүн амь, жаран тэрбумын хэрэг гээд биесээ шоронд явуулж, Засгаа огцруулж, 65-уулаа болсон хэрнээ зарим нь шоронд явж, зарим нь орооцолдсон асуудлаасаа болж гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Эрх баригч МАН-ын ганц хийсэн том ажил нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Харамсалтай нь эхнээсээ өөрсдийн хийсэн нэмэлт, өөрчлөлтөө үл тоосон, Үндсэн хууль зөрчсөн хуулиуд оруулж ирж, хэл ам татлаад эхэллээ.
Ард түмэн тэднийг унагах хангалттай муу зүйлийг эрх баригчид хийжээ. АН тэртэй, тэргүй муу нэртэй байна. 2008-2012 онд баахан зээл, бонд авч үр ашиггүй зарцуулж, улс орноо өрөнд оруулсан гэж шүүмжлүүлж байгаад л ялагдсан. АН-ын дотоодын улс төрийн тэмцэл туйлдаа хүрсэн. Өнгөрсөн гучин жилд эвтэй байх үе байсангүй. Ганц авах юм нь ил тод байлдана. Харин МАН өнгөрсөн хугацаанд хэрэлдэж тэмцэлдсэн ч, их л далдуур бүх үйл явдал өрнөдөг байлаа. Энэ хоёр том намд гаднаас нэр дэвшигч багтаах нь байтугай өөрийн хүнээ багтааж шингээх зай байхгүй. Энэ мэтээр нэр хүндээ барсан. Сонгууль бүрээр сайхан амлалт хэлж, иргэдийг сэнхрүүлж, заримдаа саналыг нь худалдаж авна. Гэхдээ иргэд дараа дараагийн сонгуульд итгэлээ гээсэнгүй сонгосоор ирсэн.
Сүүлийн дөрвөн жил аль ч нам гарсан ялгаагүй муу муухай гэсэн тархи угаалт нэвт явсан. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр хаа хаанаа учир байсан биз. Судалгаагаар шинэ хүн хүсч байна, намуудад шүүмжлэлтэй хандаж байна гэсэн мессэж байнга явуулж, энэ тархи угаалт эцэстээ зорилгодоо хүрч бие дааж нэр дэвших сэдэл тэмүүллийг өгчээ. Парламентын сонгууль өгч эхэлснээс хойш эхний хэд хэдэн циклд бие даагчдын тоо харьцангуй цөөхөн, сонгууль тутамд цөөрч байснаа гэнэт сүүлийн хэдэн сонгуульд нэмэгдсээр энэ удаагийнхад огцом өсөв. Энэ удаагийнх шиг тоймгүй олон, эрээвэр хураавар бие даагчдыг харж байсангүй. Бие даан нэр дэвших нь буруу гэсэнгүй. Дэвших эрх нь нээлттэй. Бусад намд ороод нэр дэвших гэхээр хэдхэн хүний бүлэглэл болоод нийгэмд итгэл төрүүлэхээргүй байна. Нэг, хоёр гол тоглогч бусад нь тэрний үгээр, эсвэл дагагчид. Тиймээс гурван ч их хурал дүүргэчихээр олон бие даагчид энэ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Хоёр зуу гаруй хүн нэр дэвшихээ илэрхийлсэн ч замын дундаас хэсэг бусаг нь гарах биз. Зарим нь намаасаа нэр дэвшихгүй бол санал хуваана шүү гэж айлгах санаатай. Нэг хэсэг нь өшөө авалт, гомдол тунирхлаар дэвшиж байна. Мэдээж үлдсэн хэсэг нь боломж бий гэж харсных үзээд алдъя л гэж байгаа хэрэг. Харин тэд гараад ирлээ гэхэд юу хийх вэ. Өнгөрсөн сонгуулиудаар мэр сэр гарч ирсэн бие даагчид олигтой хууль санаачилсан нь цөөхөн. Бодлого боловсруулаад явна гэвэл бүр бүтэхгүй. Үнэхээр бие даагчдад улс орон удирдаад явах чадал чансаа бий юу.Үүнд хариулахын өмнө яагаад дэлхийн улс орнууд нам байгуулж тэр нь дүрэмтэй, хөтөлбөртэй, хуулиар зөвшөөрч сонгуульд ордгийг сайн судалж байж хариулсан дээр байх. Өнгөрсөн сонгуулиудын түүхээс харахад олон нэр дэвшигчтэй үед нэг нам голлож гарч ирээд бусад нь унаад өгдөг. Эсвэл цөөхөн хэдэн суудал авч ирсэн. 2016 оны сонгуулиар ч МАН голлож, 65-уулаа ялсан. Энэ удаагийн сонгуульд голлох нам нь МАН уу, АН уу гэдэг нь намуудын нэр дэвшигчид, үйл ажиллагаанаас тодорно. Аль аль нам нь шинэ залуусыг түлхүү нэр дэвшүүлнэ гэж зарласан. Магадгүй шинэ хүн хэрэгтэй байна гэсэн өнөөх судалгааг ч харгалзсан биз. Бие даагчид бүр олноороо гарч ирээд эрх барьж, улс орон авч явах уу. Та итгэж байна уу. Тийм тохиолдол дэлхийд бий юу. Энэ удаа ч өнөөх л өнгөрсөн сонгуулийн дүнгүүд шиг аль нэг нам голлох маягтай байх болов уу. Яахав, УИХ дахь бие даагчдын тоо одоо байгаагаас жаахан нэмэгдэж болох л юм даа.
М.Сүлд
Эх сурвалж: Өдрийн сонин