Афганистаны эрх баригчид 12 мянга гаруй хоригдлыг суллана
Коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор Афганистаны эрх баригчид шоронд хоригдож буй 12 мянга гаруй хоригдлыг суллах шийдвэр гаргажээ. Засгийн газрын Шоронгийн хэрэг эрхэлсэн департаментын тэргүүн Ахмад Рашид Тутахайгийн мэдэгдсэнээр, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани 12399 хоригдлыг өршөөлөөр суллах аж. Хоригдлуудыг 5 дугаар сарын 1-нээс суллаж эхлэх аж.
Орон нутгийн шоронгуудад коронавирусний халдвар тархахаас сэргийлж, 10 мянга орчим хоригдолд өршөөл үзүүлэх тухай захирамжид Афганистаны төрийн тэргүүн 3 дугаар сарын 26-нд гарын үсэг зуржээ. Захирамжийн дагуу нийт 6 мянга гаруй хоригдлыг суллаад байгаа аж. Одоогийн байдлаар Афганистанд коронавирусээр халдварласан 1500 орчим тохиолдол бүртгэгджээ. Кабул хотоос гадна өөр хэд хэдэн хотод 3 дугаар сарын 28-наас өөрийгөө тусгаарлах дэглэм үйлчилж байгаа аж.
Э.Аянзаяа