Малын сэг зэм устгалын ажил 60 гаруй хувьтай байна
Хөвсгөл аймгийн хэмжээнд малын сэг зэм устгалын ажил 60 гаруй хувьтай байна гэдгийг Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Тус аймгийн 23 сум 1 тосгоны хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Мал эмнэлгийн газраас сэг зэм устгах ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Шинэ-Идэр суманд ажиллаж 9373 малын сэг зэмийг устгаж 4800 мкв талбайг халдваргүйжүүлжээ. Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 200 мянга орчим буюу нийт мал сүргийн 3,3 хувь нь хорогдсон байна. Малын хорогдол хамгийн их байгаа Жаргалант суманд 46500, Галт суманд 42000 толгой мал хорогдоод байгаа ажээ.
Б.Гантуяа