Маргасаар байтал наадам болох нь ээ

374



БАЯР НААДМЫН ХУУЛЬ ХЭЗЭЭ БЭЛЭН БОЛОХ ВЭ?

 
Наадам хаяанд ирчихлээ. Бүр тодруулаад хэлэх юм бол 20-иодхон хоногийн дараа наадмаа үзэх нь л дээ. Гайтай өвчний улмаас сүүлийн хоёр жил наадамлаж чадаагүй болохоор энэ зун ёстой л нэг наадах шиг наадъя гээд хүн бүрийн сэтгэл санаанд дэнж хотойлгосон дэлгэр сайхан наадмын дүр зураг бууж бас яарч байгаа.
Магнайдаа тоосгүй түрүүлээд ирж байгаа хурдан хүлгийг хараад самсаа шархирах гэж, хүчит бөхчүүдийнхээ уран гоё барилдааныг харж өндөлзөх гэж, оноч мэргэн харваачдынхаа цэцлэн онохыг үзэх гэж үнэнхүү яардаг юм монголчууд. Наадам болдгоороо болно гэж бодоод дээл малгайгаа базаах. Гэтэл наадам болох өдөр тун ойрхон энэ цагт сэтгэл сүлэх үг цөөн сонсогдох нь хачирхалтай.
Ноднингоос л ярьсан даа. Ардын Хувьсгалын 100 жилийн ойг, 101 жилтэй нь 2024 онд хамтатган тэмдэглэнэ. Хамгийн өргөн дэлгэр наадам хийнэ гээд л.
Өнгөрсөн жил наадам хийнэ, хийхгүй гэсэн талцаан, жагсаал болсоор байгаад Хүй долоон худагт морин уралдаанаа, бөхөө “хаалттай” маягаар зохион байгуулсан. Монголын Залуучуудын байгууллагын 100 жил гэсэн лоозон дор 512 бөхийн барилдааныг телевизээр л үзсэн. Ер нь булт олноороо наадмын хүлээлттэй өдий хүрсэн. Энэ жил сайхан наадаарай даа гэсэн шиг тэнгэр хангай хур чийгээ эрт хайрлаж зуны өнгө сайхан болж байна. Наадамчдын эрээн асар, майхан Хүй долоон худгийн дэнжид мөдхөн алаглаж тэр зүг наадамчид цувна.
Яг л наадмын өдрийг хүлээж, бас яарч байхуйд төр, засгийнхны байгаа царай нэг л биш ээ. Төрийн ордонд баяр наадмын шинэчилсэн хууль хэлэлцэж байгаа нь энэ гээд бөөн хэрүүл. Засгийн газраас баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах төслийг ч тун тааруухан хийсэн шиг байгаа юм. Тиймээс хэрүүлийн гол бай ч тэр хуулийн төсөл болж байна гэдгийг олон хүн хэлж байна.
Дахиад Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо дараа жилд шилжүүлье гэж санаагүй  бол баяр наадмын тухай хуульд хийх өөрчлөлтөө эртхэн хэлэлцэж байхгүй яасан юм. Яг л үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг наадам хаяанд ирсэн үед хуулийн төслөө хэлэлцэх гэж дандаа болохгүй, бүтэхгүй юм ярьж суугаа нь өнөөгийн төр, засгийнхны авхаалж самбаа муутайнх болов уу.
УИХ-ынхан ч гэсэн дээ. Төрийн ордонд хүмүүсийг энгийн хувцастай нэвтрүүлдэг болъё гээд ярьж байхынхаа оронд наадмын тухай хуулиа ярьсан бол цаг хожих л байсан даа. Төрийн ордонд хэнийг ямар хувцастай хамаагүй оруулна гэдэг тийм цаг үеийн асуудал мөн үү. Огт биш. Гэтэл бас гадаа гудамжинд юу болж байнав гэвэл Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооныхон “Монгол наадмаа аваръя” уриан дор тайван жагсаал хэдэн хоног төв талбайд суулт хийж иргэдийн гарын үсэг цуглуулав даа. Уяачдын дунд болдог эрлийз, монголоороо ялгарч уралдъя гэсэн үг, санаа бол шинэ юм биш л дээ.
Сүүлийн жилүүдийн наадмаар энэ талын хэрүүл маргаан зөндөө л болдог байсан. Үүнийг анхаарч үзэлгүй байсаар өнөөдөр сэрвээний өндөр, азарганы сэлдий гээд ярих хэмжээнд хүрчихэж. Энэ тухайд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Ердөө хэрэлдэж маргаад байх юм алга. Урьд нь адууны сэрвээний өндрийг палк метрээр хэмждэг байсан бол одоо лазер метрээр хэмжинэ. Үүлдэрлэг байдлыг тогтоохын хувьд бидэнд одоо лаборатори нь алга. Иймд сэрвээний өндрөөр эрлийзийг ялгахаас аргагүй байна" гэж санаачилсан хуулийн төслөө хамгаалах оролдлого хийж байх юм. Хуулийн төслийг хэлэлцэх байнгын хорооны хуралдааны явцад энэ жилдээ төдийгүй 2024 он хүртэл эрлийз, монгол адууг үүлдэрлэг байдлаар нь тогтоох боломжгүй. Иймд сэрвээний өндрөөр хэмжихээс аргагүй. Харин улсын баяр наадмаар зургаан насны монгол адуугаа уралдуулъя. Уяачдын баяраар л эрлийзээ уралдуулна. Бүсийн наадмын амжилтыг уяачдад цол олгоход тооцохгүй. Цаашлаад эрлийз азарга оруулж ирэх асуудалд нэг хэсэгтээ хязгаарлалт тогтооно гэсэн асуудлууд яригдаж байх юм. Эдгээр сэдвээр болж буй маргаан нэг талдаа гарч наадмын тухай хуульд зөв зохистой өөрчлөлт гарна гэхэд бэрх санагдана. Болж бүтсэн юмгүй хэрүүлээс зарим нь залхаж байх шиг.
УИХ-ын гишүүн Н.Учрал маргаан дунд байж ядахдаа "Баяр наадмыг зохион байгуулах хороо мэргэжлийн холбоодод нь эрх мэдлийг өгчихөөч. Манай улстөрчдөд мэдэхгүй ч юм алга, мэддэг ч юм алга. Хийх хэлэлцэхээ олж ядсан юм шиг л аварга, арслан цол ярихаа болимоор юм. Ер нь наадмын шинэчилсэн хуулийг санаачилсан нөхдүүд бүгд ашиг сонирхлын зөрчилтэй нь харагдаад байна" гэжээ. Энэ үнэн үг шүү дээ. Бөхийн тухайд гэхэд нөхөн цол олгоно гээд их маргах юм. 1924-1970 оны хооронд амжилтаа зөв үнэлүүлж чадаагүй 40-50 бөх байна л гэх. Энэ нь заавал одоо шийдэх асуудал мөн үү, биш үү.
Өнгөрсөн жил Хүй долоон худагт болсон 512 бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд нөхөн цол хүртээх хуулийн төслийг Ховдоос сонгогдсон гишүүн Д.Пүрэвдорж оруулж ирсэн. Түүнийг нь С.Бямбацогт дэмжсэн нь сүрхий хэрүүлд дуудав.
-Хэдэн бөхөд цол олгоё гэсний төлөө намайг барьж идэх нь гэж тэр цухалдаж харагдсан. Ховдынхон одоогоос 82 жилийн өмнө Ш.Ванчинхүү улсын наадмын түрүү авч арслан болсноос хойш цолтнууд нь заанаар хязгаарлагдаад өдий хүрсэн. Тиймээс арслан цолтонтой болох гэж Ховдын хоёр гишүүний нэг нь хууль санаачилж нөгөөх нь дэмжсэнээр жалга довны үзэл хурцаар ханхалуулсан хэрэг болов.
Уг нь Д.Пүрэвдорж биш Дорнодоос юм уу Дорноговиос сонгогдсон нэг түшээ уг хуулийг санаачилсан бол дэмжигдэх ч байсан уу. Хэн мэдлээ. Ер нь ашиг сонирхлын зөрчил, аймаг сумаараа талцах нь сайн юманд садаа болдгийн жишээ энэ. Нөгөө гэвэл болоод өнгөрсөн үйл явдлыг сэргээж цол гуншин нэхэх ч тийм зохистой юм биш байх л даа. Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан шуудхан хэлнэлээ. "Бөхчүүдэд нөхөн цол олгохгүй ээ. Ер нь цолыг хуулиар олгодог юм биш" гэж...
Бас зарим гишүүд хуулийн төслийг шүүмжлэхдээ 1024 бөх барилдсан тохиолдолд хоёр аваргатай наадам гэж юу байсан юм гэж эгдүүцэж байна. Хуулийн төсөлд наадамд хэн нэгэн түрүүллээ гэж бодъё. Тэр нь ямар ч цолтой байсан 10 давж түрүүлсэн учир түүнд аварга цол олгоно. Гэтэл даян аварга Н.Батсуурь ес даваад үзүүрлэбэл дархан аварга болох, арслан Р.Пүрэвдагва үзүүрлэсэн  нөхцөлд аварга болох ийм эрэмбэ орж иржээ.
Үүнийг олон хүн илт эсэргүүцэж байгаа нь зөв л байх. Монголчууд ер нь цол гуншингийн төлөө амьдарч байгаа биш биз дээ. Сүүлийн үед төр, засаг цол олгохыг хэт хавтгайруулснаас болж цолны төлөө юу ч хийхээс буцахгүйчүүд олширч гэдэг нь наадмын өмнөх маргаанаас харагдаж байна.
Бас нэг хачирхалтай санаа яригдсан нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдэд уучлал үзүүлэх тухай дэмий яриа.  Огтоос боломжгүй юм энэ л дээ. Манай улс допингийн эсрэг конвенцид нэгдсэн. Дэлхийн жишигт допинг хэрэглэсэн тамирчинд уучлал үзүүлдэг жишиг бий юу. Дэлхийн дүрэмд захирагдана гэчихээд одоо болохоор түүнээсээ гажих гэдэг нь монгол хүний мангардуу санааны илрэл. Урьд нь ч допингийн дүрмийг гажуудуулж шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдэд хэдхэн сараар барилдах эрхийг хассан ес төдий шийтгэл оноосон удаа бий. Үүн дээрээ одоо бүр дампуурал үүсгэх нь. Баяр наадмын тухай хуульд монгол үндэсний бөхөд допингийн шинжилгээ хамаагүй гэвэл түс тас шулуун биз. Тэгэх юм бол допингийн хор хөнөөлийн талаар харин сайн сурталчилж хүнээ хамгаалах ажил дорвитой хийх ёстой болно байх.
 

ХАРЦАГА ЦОЛТОЙ БӨХ ТҮРҮҮЛНЭ ГЭНЭ ҮҮ?

 
Ийм яриаг бөх сонирхогчдоос сонслоо. Тийм ч байж болох бас үгүй ч байж мэднэ. Ер нь наадамд хэн түрүүлэхийг таадаг цаг бөхийн хөгжлийн явцад хол хоцорсон байх. Харин наадам дөхөхөөр хэн хүнгүй хэдэн бөхөө бодолдоо “барилдуулж” цээжиндээ чимээгүйхэн цоллоод  л ... тэр түрүүлнэ. Энэ нь үзүүрлэнэ гэж хувьдаа таавар дэвшүүлж суудаг. Энэ бол наадмын өмнөх наадам юм даа. Бусдын яриаг сонсохнээ янз бүрийн таавар тэнүүчилж явна. Тэр дотор энэ жил улсын харцага цолтой бөх түрүүлнэ гэсэн өнгөц таавар сонсогдож байна. Бичигч би үүнийг үгүйсгэх гээд зориг хүрсэнгүй. Монгол бөхийн түүхэнд зургаан залуу зааны үе гэж байсан шиг өнөө үед хэдэн харцага цолтон анхааралд өртөж байгаа нь үнэн л дээ. Тэмдэглэлт ой, заалны барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нар түрүүлсэн нь цөөн биш. Бас Өвөрхангайн Х.Гантулга харцага ч сайн л байгаа. Ойрмогхон хоёр барилдаанд түрүүлж харагдсан. Тэгвэл Ховдын хоёр харцагыг гаргахгүй байгаа нэг бөх бол Сэлэнгийн харьяат,  улсын харцага Б.Орхонбаяр. Тун сийрэгхэн барилдаантай өсөж яваа сайхан бөх. Бас хашир гарьд Ө.Бат-Орших хааяа гайгүй барилдчихаад байгаа. Т.Баасанхүү харцага гэж ёстой “дайсан” бий. Хэнийг ч дараагийн даваанд дэвүүлэхгүй зогсоож мэдэх нөхөр дөө.
Тэгэхээр энэ дундаас чухам хэнийг нь түрүүлнэ гэхэд бэрх. Яагаад гэхээр тэд чинь зургаа, долоогийн даваанаас хоорондоо тунаад эхэлдэг шүү дээ. Хоёр, гурван тунааг даваад үзүүр, түрүүнд хэн нэг нь л хүрнэ. Амаргүй дээ. Наадам гэдэг заал тэнхимийн барилдаанаас өөр. Бөхчүүдийг наадмын өнгө, тэр өдрийн од хийморь нь түшдэг гэдэг. Нэгэн баримт хэлэхэд ноднингийн барилдаан их сонин болсон шүү дээ. Түрүүлсэн бөх улсын харцага Б.Бат-Өлзий гэхэд дандаа аймгийн цолтнуудыг давсан байдаг юм билээ. Үүнийг од нь гийсэн гэх үү. Ердөө л тохиолдол байж гэмээр. Наадам бүхэн тийм байхгүй биз. Зуун жилдээ зодоглоно гээд цаана чинь аваргууд ханхайлдаж байгаа. Дархан аварга Г.Өсөхбаяраас эхлээд Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар наадам өнгө оруулж зангаргаа харуулж таарна.  Даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс гээд түрүүлэхийн төлөө барилдацагаах биз.
Лавтайяа зургаан аваргатай наадам болно байх. Гэтэл Дархан аварга А.Сүхбат “Би зүүнийг магнайлна” гээд зогсож байхаас сийхгүй л хүн. Зодог тайлчихаад дахин барилдаж Монголын бөхийн түүхэнд өөр өнгөтэй хуудас нэмсэн нөхөр. Түүний нэгэнтээ тайлаад шидчихсэн зодог шуудгаа өмсөөд дахин барилдсан нь хэн нэгэн цэргийн хүн би тэтгэврээ буцааж өгье гэсэнтэй адил явдал тэр жил болсоон. За тэгээд харцага цолтнуудад халгаатай аймгийн арслан олон бий. Зарим нөхөд нь улсын гарьд М.Бадарч түрүүлэх байх гэхийг сонслоо. Уг нь гарьд цолондоо дүүрэн барилдаад байгаа бөх бол тэр.
Цаана нь гэвэл улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Пүрэвсайхан нар наадмаар цолныхоо эрэмбийг хадгалж мэдэх л бөхчүүд. Нэг олигтой мэдээ гэвэл Халимаг, Тува, Буриадын бөхчүүд Ардын хувьсгалын их ойд зодоглох хүсэлтээ ирүүлсэн дуулдсан. Тэд ирвэл наадмын бөх улам л өргөн дэлгэр өнгөтэй сайхан болох байх.  Эцэст нь хэлэхэд Улсын баяр наадмын шинэчилсэн  хуулиа хурдхан батлаасай билээ. УИХ-ынхан энэ сардаа л багтаах тухай хэлэх шиг болсон. Тэгж тулгаж баталсан хууль түмэнд хэзээ хүрч наадмыг сайхан болгоно гэдэг хэцүүхэн л санагдана.
Хууль хэлэлцэх явцаас харвал УИХ-ын танхимд өрнөсөн хэрүүл, маргаан наадмын талбайдаа үргэлжилж магадгүй гэсэн болгоомжлол төрөх юм. Гэхдээ наадам маань сайхан болоосой гэсэн билгэтэй ерөөлөөр хэлэх үгээ завсарлая юу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 122 (6854)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn