Мөсний баярын үеэр “Хөх цом” яруу найргийн наадам болно
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр ирэх сарын 3,4-ний өдрүүдэд болно. Энэ үеэр олон ястны урлагийн тоглолт, тэшүүрийн тэмцээн, мөсөн шагайн тэмцээн, олс таталт, тахтай морин чарганы уралдаан, сумо бөх зэрэг тэмцээн наадам болно.
Мөн энэ жилийн хувьд "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржавын нэрэмжит “Хөх цом” яруу найргийн наадам болохоороо онцлогтой. Наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн хороо, Хөвсгөл аймгийн Утга зохиолын нэгдэлтэй хамтран зохион байгуулна. Наадамд яруу найрагчид 3 шүлэг ирүүлэх бөгөөд сүүлийн шатанд шалгарсан 15 найрагч Хөвсгөл нуурын хөвөөнд мөсний баяраар шүлгээ уншиж шилдгүүдээ тодруулна. “Хөх цом” яруу найргийн наадмыг мөсний баярын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.