Цогтсайханыгаа үгүйлж байна!
Цогтсайханыгаа санаж байна. Сүүлийн үед бүр ч их үгүйлэх болсон. Бид хоёрын, нөхөдтэйгээ хамтдаа тэмцэж олсон эрх чөлөө, ардчилал алдагдах аюул ойртох тусам үгүйлж байна. 90 онд Ардчилсан хувьсгалаа ялуулчихаад залуус бид “түүх төгссөн”-л гэж бодож байсан юм. Коммунистуудын дарангуйлал дор мунхран нойрсож байсан ард түмэн “Хонхны дуу”-гаар сэрээд, эрх чөлөөний гэрэлд үнэнийг харан сэхээрсэн болохоор “түүх төгссөн” л гэж бодсон юм.
Нэг л олдох хувь заяаныхаа эзэн байхын амтыг мэдэрсэн хүн хэмээгч, эрх чөлөөг шүтэн, түүнд мөргөхүй дор “түүх төгсжээ” л гэж итгэсэн юм. Социализм мэтийн тараа таниулсан дэглэмийг эргэж нэхэх хөг нь өнгөрсөн гэж бодсон юм. Гэтэл тийм биш юмсанжээ! Хүмүүс эрх чөлөөнөөс дайждаг юм байна! Эрх чөлөөний орон гэр болох чөлөөт ардчиллыг зүхдэг юм байна! Дарангуйлалыг уухайлан нэхдэг юм байна!
Мөнхийн орчлонд нэг удаа “амьдрал” хэмээх боломжийг олж авчихаад, муу ч сайн ч хувь заяаныхаа эзэн байх ёстой гэдгээ зөнгөөрөө мэдчих учиртай хүн, яагаад эрх чөлөөнөөс дайжна вэ? Яагаад дарангуйллын талхин дор дахин ороход бэлэн болсон бэ? Яагаад “Чанга гар”-ыг нэхнэ вэ? Дарангуйллыг уухайлан дуудахын учир юу вэ? Боолчлолыг хүсэхийн учир юу вэ?
Энэ асуултад хариу олох гэж олон суу билэгт сэтгэгчид оролдсон юм. Олон түмний далд ухамсарт садист, мазохист дон нуугдаж байдаг гэж нэг мундаг (Эрих Фромм) нь хэлэхэд; өөр нэг сэтгэгч (Эмиль Дюркгейм) нь эрх чөлөөний цочролд орсон хүмүүс, эрх чөлөөтэй байж өөрөө өөрийгөө хариуцахаасаа түүртэж, боол байхыг илүүд үздэг гэлээ; бас нэг суутан (Фридрих фон Хайек) нь ухаалаг төлөвлөгөөтэй удирдлагаар эдийн засгаа удирдуулбал амжилтад хүрнэ хэмээх төөрөгдөл олон түмэнд суусан байдгаас боолчлол руу тэмүүлдэг гэх зэргээр олон янзын тайлбар гаргасан байдаг байна. Энэ олон янзын тайлбарууд, хүн эрх чөлөөнөөс дайжих нэг л үзэгдлийг олон талын өнцгөөс харж нотолсон тайлбарууд аж.
Би хувьдаа, хувь хүний дуусашгүй хүсэл, шунал түрэн шахсаар эцэст нь эрх чөлөөнөөс дайжихад хүргэдэг хэмээн тааж байна. Хүний сэтгэл ханамжийн түвшинг 10 баллаар үнэлэхэд дээд тал нь 7 баллаас хэтэрдэггүй аж. Хүссэн зүйлээ олоод авахад, дараа нь түүнээс ч илүү ихийг хүсдэг. Ингэж хүн хүслээ өөрөө өөртөө үйлдвэрлэж явдаг. Ийм учраас, хүнийг “хүсэл шуналын машин” хэмээн Жиль Делёз философиджээ. Бас, хүн бүр хангалуун чинээлэг амьдрахыг хүсдэг атлаа өөрөөсөө илүү чинээлэг нэгэнд дургүй аж. Амьдрал нь бүтэлгүйтэх үед бүр ч үздэггүй байна. Үүнийг Фурьегийн комплекс гэдэг. Фурьегийн комплекстэй хүмүүс дургүйцэл, уураа эрх чөлөөний “гэр орон” болсон ардчилалд гаргадаг юм байна.
Хүмүүний хүслийн дайралтыг гүйцэх аргагүйг, дэлхийн ардчилал дампуурч байгаагаас харлаа. Монголын ардчилал дампуурч байгаагаас харлаа. Хүмүүсийн хүсэл шуналыг ардчилал багтааж даахгүй сөхөрч эхлээд байна. Ким Чен Ун мэт нь манайд “баатар” мэт болжихуй. Тэр хүн, зөвхөн өөрийгөө болон тойрон хүрээлэгчдээ л хүсэж шунах эрхтэй хэмээн үздэг ердийн нэг дарангуйлагч. Өөрөөсөө бусад хүмүүсийг хүсэл, шуналтай байхыг тас хориглон цагдаж, яллан цээрлүүлдэг. Ганц Ким Чен Ун ч биш. Хаа газрын дарангуйлагч нар ийм л юм. Гэтэл, тэднийг шүтэх маягтай сайрхдаг хүмүүс манайд улам бүр олширсоор байна. Уг нь өнөөгийн монголчууд, социализмын үед асан бол төсөөлж ч чадахааргүйгээр “юм үзэж нүд тайлсан сан”.
Дэлхийгээр нэг чөлөөтэй сэлгүүцэж байна. Хүссэн хүн “үүргэвчтэй аялал” хийх эрхтэй болсон. Японы сумогийн дэвжээг эзэлж, Италийн дуурийн тайзыг өнгөлөх болсон. Социализмын үед элчин сайдууд нь ч чөлөөтэй зорчих эрхтэй байгаагүй юм шүү дээ!
Тал дүүрэн малаа “приус” машинаар хариулж байна. Морь унаж чадах залуу малчид ховордоод буй. Социализмын үед амины арван толгой малаас илүү юмтай байгаагүй юм шүү дээ! Өнөөдөр "приус" машинтай хүнийг ядуу гэх нь холгүй байна. Социализмын үед хамгийн баян хүн "москвич" машинтай л байсан юм шүү дээ. Одоо манай ямар ч ядуу "москвич"-ийг голоод унахгүй ээ.
Орос цэргүүд, мэргэжилтнүүдээр байшингаа бариулаад суудаг байсан монголчууд өдгөө япон, солонгос чанарын хорооллуудыг өөрсдөө дөрвөн улиралдаа багтаан босгож байна. Социализмын үед манай барилгачид нэг байшинг нижгээд жилд, тахиралдуулан барьдаг л байсан юм. Монголын сайд нь Мардай руугаа дөхөх ч эрх байгаагүй. Одоо хэнийг оруулахаа төр нь өөрөө мэддэг болсон.
Ардчилал, чөлөөт зах зээлийн ачийг тоочивч баршгүй. Ядуурал, доройтол байгаа нь ардчилал, чөлөөт зах зээлийн буруу биш, бохир улстөрчид, авлигач төрийн албан хаагчид, бас алдаатай эдийн засгийн бодлогын л буруу юм. Гэтэл мэдсээр байж хүмүүс ардчилал, чөлөөт зах зээл рүү дайрч байна. Ардчилал руу дайрч байгаа популистууд, люмпэнгүүдийг олон түмэн алга ташин балиашигдаж байна.
Хүний дуусашгүй хүсэл илүү ихийг хүсэн ундууцаж байна. Хүсэл шунал хэмээх хэзээ ч хөөж гүйцэгддэггүй юмыг, эрх чөлөө “лонх”-ноос нь чөлөөлжээ. Тэгээд “хүсэл, хяслын дунд зовлон гээч бий” гэдгийг эрх чөлөөт монголчууд биеэрээ үзэн шаналцгааж, сүүлдээ адган дарангуйллыг мөрөөдөж буй. Хүн болбоос, дуусашгүй хүсэлдээ хөтлөгдөн диваажинд чиг бослого гаргасаар байх бодьгал бололтой!
Тийм учраас л Цогтсайхан найзыгаа үгүйлж байна. Тэр маань л хүслээ дийлэхээ болиод бухимдахдаа дарангуйлал дорх боолчлолоо нэхэх олон түмнийг ямагт сэрээж байхаар “Хонхны дуу”-гаа дуулж чадна. Цогтсайхан л эрх чөлөөний манаач байж чадах нэгэн! Түүнийгээ маш их үгүйлэх учир энэ бөлгөө! Азаар Сосорбарам маань хажууд эрх чөлөө, капитализмаа хамгаалан үзэлцсээр байна даа!
Э.Бат-Үүл
Эх сурвалж: baabar.mn