Алтан аргамжаар наадагсад...

753
Монгол Улсын гадаад харилцааг дэлхий даяар төлөөлөх учиртай дипломат албаныхны нэр хүнд навс унаад удаж буй. Учир нь Монгол төрийн алтан аргамж болсон дипломатуудыг аль нэг намын эрх ашгийн үүднээс томилдог учраас шавар шавхайтай хутгалдчихаад байгаа нь гашуун үнэн.
Тус албан тушаалд төрийн албанд олон жил шат ахиж ажилласан, туршлагатай, төр төлөөлөх  хэмжээний мэдлэг боловсрол, чадвартай нөхдийг томилох ёстой атал жолооч, нарийн бичиг, цай зөөгч, наймаачин гэх зэрэг  нөхдийг томилдог учраас  Монгол төрийн алтан аргамж тасрах дээрээ тулаад  байгаа юм.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд  2019 оны тавдугаар сард Германд баригдсан  Туркийн Станбул хотод суух Монголын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар. Тэд баригдах үедээ 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан байдаг.Алтан аргамж болсон дипломат албанд тэд 2018 оны 7 дугаар сарын 1 томилогдсон хэрнээ 10-хан сарын дараа ийнхүү саатуулагдан баривчлагдсан. 
Тэдний эл байдлаас ар өврийн хаалга, ах дүү хамаатан садан, найз нөхөд, нутаг нугын сүлбээ гээд боломжит бүхий л нүх сүвээ ашиглан хэнбугай нь ч хүсээд очиж чаддаггүй эл албан тушаалд томилогдож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг гэдгийг бэлхнээ харж болно.
Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд Гадаад харилцааны  яамнаас 11 хүнийг гадаадын улс оронд Элчин сайд, консулд томилуулахаар санал оруулахад Монгол Улсын Ерөнхийлөгч ердөө хоёрыг нь зөвшөөрч үлдсэн 9 нөхрийг шалгуурт тэнцэхгүй хэмээн буцаасан. Мэдээж буцаах болсон шалтгаан нь гэвэл дээр дурдсанчлан 80 орчим хувь нь гадаад харилцаанд тохирохгүй мэргэжлийн бус хүмүүс байсан учраас Ерөнхийлөгч буцаасан гэсэн үг.
Үүнийг нийт масс “Улстөрчид тохироонд хүрсэнгүй” гэх өнцгөөс харж байгаа. Ингэж хардах үндэслэлтэй. Улстөрчдийн хийсэн үе,үеийн томилгоо нь нүдээ олсон нь тун ховор бөгөөд 2000 оноос утаат тамхитай, 2005 оноос хар тамхитай холбогдож эхэлсэн байдагтай нь  шууд холбоотой.
Манай дипломатчдын энэхүү үйлдлийг гадныхан дүгнэхдээ  “Намынхаа  санхүүжилтийг босгож байгаа” хэмээн ярьдаг тухайг нэгэн нэр бүхий элчин сайд хэвлэлд  өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан байдаг.
Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс төрийн алтан аргамж болсон дипломат ажилтнуудыг томилохдоо хувь хүний боловсрол мэдлэг, ёс суртахуун, зан чанар, төлөвшил, аж амьдрал, аливааг зохицуулж эх орноо төлөөлөх чадвар, алсын хараа зэргийг чухалчлах нь  нэн тэргүүнд анхаарах ёстой болов уу.
Эс тэгвээс төрийн алтан аргамжаар наадаж, Монгол Улсын гадаад харилцааг үгүй хийх аюул тун ойрхон болжээ гэдгийг анхааруулж буй хэрэг. Учир нь хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд буцаагдсан есөн элчин сайдын орны хүмүүс дахин өргөн баригдах учраас ийнхүү анхааруулсан хэрэг.

С.Туул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn