Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

17
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял сонсож байсан нөхөд нэр дэвших эрхгүй. Нэр дэвших эрхгүй гэдгийг нь өнөөгийн парламент оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульдаа шигтгэж өгсөн билээ. Гэвч шүүхээс ял сонсож байсан, холбогдох хэрэг нь эцэслэгдээгүй, одоо ч хууль хяналтын хаалга сахиж яваа олон хүн найм дахь удаагийн парламентын сонгуульд нэр дэвшиж байна. 
Тэдний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр бол нөгөө нь НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нар юм. 
МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд "Та бидний эвсэл"-ээс Баянгол дүүрэгт нэр дэвших эрхээ авсан. Учир нь, журмын нөхөд нь түүнийг ялгүй гэж үзсэн юм. Н.Энхбаярын хувьд ч өөрийгөө авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй болохоор нэр дэвших эрхтэй гэж мэдэгдсэн байдаг. Түүний тайлбарласнаар гурван шатны шүүхээс ял сонссон ч Улсын Дээд шүүх хэргийг нь цагаатгасан тул ялгүй. Тиймээс Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрх нь нээлттэй гэж ярьсан билээ. Энэ ч бодлоороо тэр нэр дэвшсэн. Нэр дэвших эрхээ баталгаажуулахаар Сонгуулийн ерөнхий хороонд бичиг, баримтаа ч хүргүүлээд байв. 
Харамсалтай нь, МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрхийг Сонгуулийн ерөнхий хорооноос хязгаарласан юм. Өөрөөр хэлбэл, тус хорооноос хууль, хяналтын байгууллагын тодорхойлолтод үндэслэж түүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээн үзэж, батламжлахаас татгалзсан. Харин Н.Энхбаяр нар Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчиж байгааг тодотгоод нэр дэвшүүлтэл тэмцэх болно гэдгээ мэдэгдлээ.  
Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын хувь заяаг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй үргэлжлүүлж мэдэх нь. Тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ногоон намаас нэр дэвших эрх өвөртөлж, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Гэвч түүний нэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөг хэр нь батламжлаагүй, батламжлах эсэх нь ч тодорхойгүй байна. Тэрээр "60 тэрбум"-ын схемийн хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял сонссон. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй ялгүй гэсэн үг. Нөгөө талаараа Ц.Сандуй ялгүй гэх үг эрх баригчид болон Сонгуулийн ерөнхий хороонд тушаа болж байхыг үгүйсгэхгүй.  

Б.Төрбат 
Эх сурвалж:Zindaa.mn   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn