Хөвсгөл нутгийн брэнд дэлхийн зах зээлд борлуулагдаж байна

19

Хөвсгөл аймгийн "Лидер Кашемир" ХХК Мөрөн суманд Ноос, ноолуурын үйлдвэр байгуулснаас хойш 9 жил болжээ. Энэ хугацаанд тус хамт олон зогсолтгүй хөдөлмөрлөж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласны үр дүнд Хоймор нутгийн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулж эхэлсэн байна. 
"Лидер Кашемир" ХХК Хөвсгөл аймгийн Мөрөн суманд жилд 3600 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай, 4500 м2 талбай бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Орон нутагт ноос ноолуурын үйлдвэр байгуулснаар, малчид түүхий эдээ явдал чирэгдэлгүй борлуулах, ноос, ноолуурыг угааж самнах, ажлын байр нэмэгдсэн зэрэг олон үр дүн гарчээ. 
"Лидер Кашемир" ХХК Хөвсгөл аймгийн Мөрөн суманд жилд 3600 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай, 4500 м2 талбай бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Орон нутагт ноос ноолуурын үйлдвэр байгуулснаар, малчид түүхий эдээ явдал чирэгдэлгүй борлуулах, ноос, ноолуурыг угааж самнах, ажлын байр нэмэгдсэн зэрэг олон үр дүн гарчээ. 



Хөвсгөл нутгийн ноос, ноолуурын чанарын үзүүлэлт өндөр сайн байгаа тул  эцсийн бүтээгдэхүүн хийж гадаад зах зээлд борлуулах боломжтойг олж харсан захирал Л.Чинболд  үйлдвэрээ өргөжүүлж эхэлжээ. 
Хөвсгөл аймагт 2015 онд жилд 12000 ширхэг эсгий, эсгий бүтээгдэхүүн, 5000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай цехүүд, 2017 онд Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт жилд 3600 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай, 3250 м2 талбай бүхий үйлдвэр, 2018 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт жилд 100,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх сүлжих үйлдвэрийг ашиглалтад оруулан ажиллаж байна. 
"Лидер Кашемир" ХХК нь ноос, ноолуурыг хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг томоохон 3 үйлдвэр, эцсийн шатны сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогц 1 үйлдвэртэй. Ямааны ноолуур, хонь, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг түүхий эд нь 4 үйлдвэрт 9 дамжлага дамжин боловсруулагдаж хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хүргэж байна. Бүтээгдэхүүн нь 100 хувийн байгалийн гаралтай, чанартай, химийн хольцгүй гэдгээрээ онцлог юм.
Өнөөдрийн байдлаар 50-60 хүнийг байнгын, 20-30 хүнийг түр ажлын байраар ханган ноолууран бүтээгдэхүүн, ноосоор эсгий, гудас, хөнжил, ноосон цамц, шааль, нөмрөг, ороолт зөөврийн компьютерийн болон I-Pad-ны цүнх үйлдвэрлэж байна. 
Тус компани 2011 оноос хойш 9 жилийн хугацаанд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 86 хувийг экспортолсон байна. Тухайлбал 7250 тонн угаасан ноос ноолуурыг Энэтхэг, БНХАУ-д, 211 тонн самнасан ноос ноолуурыг Англи, Япон, Энэтхэг, БНХАУ-д тус тус экспортолсон байна. 2015 оноос Япон улсын Нийгата мужийн Мицүкэ Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн үйлдвэрүүдтэй хамтран 100 хувь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж байна.  2019 оноос ХБНГУ, Австри зэрэг Европын холбооны улсууд руу сүлжмэл бүтээгдэхүүн экспортолж эхэлсэн байна. 
"Лидер Кашемир" ХХК-ийн захирал Л.Чинболд “Бид шилжилтийн үе буюу зах зээлийн эхэн үеэс эхлэн өдийг хүртэл 18 жилийн хугацаанд бизнесээ өргөжүүлэн тэлж дэлхийн стандартад нийцсэн технологийг нутагшуулж, шинэ шийдэл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, тогтвортой хөгжлийг хангаж, экспортын гарцыг нэмэгдүүлэх хэмжээнд хүрчээ. Цаашид мэдлэг чадвараа ямагт дээшлүүлж, дэлхийн стандартад нийцсэн шинэ бүтээгдэхүүн бий болгож, шилдэг үйлчилгээг эрхэм хэрэглэгчдэдээ үзүүлэхийн төлөө эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Мөн иргэд маань чанартай бүтээгдэхүүн хэрэглэж, сэтгэл ханамжтай байгаасай гэсэн чин хүсэл эрмэлзлийн дор бүх ажилтан хамт олон маань  хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжаар улам урамшин урагшилж байна.
Бид компанийн засаглалаа хөгжүүлэх, орчин үеийн санхүүгийн программ нэвтрүүлэх, хүний нөөцөө сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээндээ ISO, OHSAS дэлхийн стандартыг нэвтрүүлэх ажлуудыг ар араас нь хийж байгаа төдийгүй эх орныхоо чанартай, органик бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах, өөрийн салбартаа тэргүүлэгч байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна” гэдгийг хэлж байлаа. "Лидер Кашемир" ХХК Хөвсгөл аймгийн “Топ 10 ААН”-ийн “Хөдөө аж ахуйн салбарын оны онцлох аж ахуй”-аар шалгарч, МҮХАҮТ-ын 2012 оны шилдэг Интрепренер шагнал хүртсэн. АНУ-ын Чикаго, Канадын Торонто хотод зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр амжилттай оролцож, туршлага судалж  бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд борлуулагдаж байна. 

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn