Иргэд рүүгээ буу шагайлгасан улс төрчдөөс хэн нь ч шийтгүүлээгүй л байна

433
Иргэдийнхээ эрхийг зэвсгээр боомилсон 12 жилийн ой болж байна
2008 оны УИХ-ын сонгуулийн дараах үймээн, жагсаал түүхэнд долдугаар сарын 1 гэж тэмдэглэгдэн үлдсэн юм. Тэр өдөр сонгуульд ялагдсан хүчин, саналаа өгсөн иргэд эрх баригч МАХН (одоогийн МАН)-ын төв байрны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, өнөө цуглаан нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан түүхтэй. Монголын түүхэнд хар өдөр болж тэмдэглзгдсэн, Монголчуудын ой тоонд дахин бүү давтагдаасай хэмээх залбиралтай үлдсэн одоогоос 12 жилийн өмнөх долдугаар сарын 1-ний өдрийг мартаагүй нь тод санадаг л байх. Нар хур тэгширсэн наадмын өдрүүд ойртсон жирийн л нэг амгалан тайван зуны, хөдөөний хөх уяачид их сунгаанаа хийж хөндий дүүрэн тоос татсан энгийн л нэг өглөө их хотод харин сонгуульд саналаа өгсөн иргэд олноороо сонгуулийн дүнг эсэргүүцэн босч байлаа. Тэр жил одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН УИХ-д 41 суудал, АН 20 суудал авч байв. Сонгуулийн дүн гарсан оройноос л иргэд саналаа луйвардууллаа гэж эсэргүүцэж, АН, БНН, Иргэний эвслийнхэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдлийг шил даран хийцгээсэн юм.
Долдугаар сарын үймээний цаад шалтгааныг ухвал энэ л дээ.
Азийн цагаан дагина гэгдэх амгалан тайван Улаанбаатарын төвд буун дуу тас хийж төр иргэн рүү гээ зэвсэг шагайсны балгаар долдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө дөрвөн хүн буудуулж амь насаа алдсан. Армийн цэргүүдэд ард түмэн рүү “бууд” гэж тушаасан буруутнууд өнөөдөр ч булзсаар л яваа. Тухайлбал онц байдал зарласан тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, гүйцэтгэх ажиллагаа явуулахад толгой дохисон тухайн үеийн Хууль Зүйн сайд Ц.Мөнх-Оргил хоёр гэхэд л сийх ч үгүй өнөөдөр УИХ- д нэр дэвшээд явж байна.
Ард түмний амиараа төлсөн энэ сонгуулиас хойшхи 12 жилийн хугацаанд юу өөрчлөгдөв. Түйвээн дэгдсэн долдугаар сарын 1-нээс хойш эрх мэдэлтнүүдийн дураараа авирлалт өөрчлөгдөөгүй, харин ч бүр дэвэрснийг олон жишээгээр нотолж болно. ЖДҮ-ээс улбаатай жирийн иргэдийн уур бухимдал намжаагүй байтал Монгол Улс дэлхий дахинаа итгэж үл болох улсаар нэрлэгдэж “Саарал” дараа нь “Хар жагсаалт”д орчихлоо. Ажилгүйдэл газар авч иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож байгаа энэ үед их л удахгүй болох сонгууль илт буруу өнгөөр өрнөвөл долдугаар сарын 1 дахин давтагдах эрсдэл бий. Үймээний дараа үйл явдал хэрхэн өрнөж, эрхийнхээ төлөө жагссан 800 гаруй залуу хаана очиж хоригдож, “эрүүдэн шүүгдсэн” талаар эргэн сануулъя.
Дэнжийн мянгын хойно байрлах том хашаанд үймээнд оролцсон иргэдийг баривчлан аваачиж галуун цуваагаар алхуулж дараа нь хүч хэрэглэн байцааж хүчээр гарын үсгээ зуруулж насанд хүрээгүй олон хүүхдийг яг ийм байдлаар залхаан шийтгэж 200 гаруйд нь шүүхээс ял сонсгож байв.
Товчхондоо иргэдийнхээ тэмцэх, үзэл бодлоо хамгаалж зогсох эрхийг зэвсгээр боомилж хөнөөсний 12 жилийн ой өнөө жил тохиож байна. Тэр үеийнхээс амьдрал дордсон уу гэхээс  дээрдээгүйг эргэж сануулъя. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө иргэд рүүгээ буу шагайсан төр засгийн томчуудаас өнөөг хүртэл хэн ч шийтгүүлээгүй, тушаалыг нь гүйцэтгэсэн төдий үйлдэл хийсэн хэдэн хурандаа л ял авснаар асуудал дууссаныг ахин сануулмаар байна, Яг энэ үед үгээ хэлж, иргэдээ өмгөөлөх учиртай хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. "Иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боосных нь төлөө" гээд тухайн үеийн эрхтэн дархтнуудаас ял асуух эрх Ерөнхийлөгчид л бий. 

Б.Дорж
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn