УЛААН-УУЛ СУМЫН СУРГУУЛИЙН 11 ЖИЛ “ЦАРЦСАН”, ДӨРВӨН ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ БАРИЛГЫГ “ЕСҮЙ ОРД” КОМПАНИ БАРЬЖ, Ц.ГАНЗОРИГИЙН КОМПАНИ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР НЬ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

57

Цаатан ардын хүүхдүүд -40 хэмийн хүйтэнд салхи сийгсэн, насжилт нь дууссан шавар байшинд хичээлээ хийж байна гэдгийг төсөөлөхөд ч гунигтай. Хотынхон хоёр ээлжийн хувцас солиод, код программ, усан бассейн, уран зураг, гадаад хэлний хичээлээ сонголтоор үзэж байхад тэд хөлдсөн бэхээ гэсэхийг хүлээж, эвдэрч, хэмхэрсэн модон ширээнийнхээ өргөсийг гартаа хэчнээнийг шигдүүлж, нар, салхи гэрэлтсэн төмөр зуухандаа хацраа өгөх нь холгүй сурах гэж үзэж байна. Юун хөгжил, юун 21 дүгээр зуун, юун дэлхийн боловсрол манатай л байна даа, тэд.
Хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байгаа мэдээлэл, гомдлын мөрөөр ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд ажиллажээ. Улаан-Уул сумын хүүхдийн эрхийн зөрчил нөхцөл байдалтай танилцаж, сурагчдын сурч буй анги танхим, галлагааны зургийг цахим сүлжээнд байршуулсан нь олны анхааралд өртөөд байна.

УЛААН-УУЛ СУМЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ “ЕСҮЙ-ОРД” ХХК БАРЬЖ БАЙНА

            320 хүүхдийн суудалтай Улаан-Уул сумын сургуулийн барилга 11 дэх жилдээ “царцаж”, өнөөдрийг хүртэл ашиглалтад орохгүй байгаа асуултад бид хариулт байлаа.
Тухайн үеийн БСШУЯ-наас Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд шинэ сургууль барих тендерийг 2013 онд зохион байгуулжээ. Тендерт “Есүй-Орд” ХХК шалгарч, барилгын ажлаа 2014 онд эхлүүлсэн байна. Шинэ сургуулийн барилгыг 2016 онд хүлээлгэж өгөхөөр гэрээнд гарын үсэг зурж, урьдчилгаа төлбөр 1.6 тэрбумыг улсын төсвөөс авчээ. Ингээд барилгын ажлаа эхлүүлж, шаваа тавьсан байна. Тус компанийн туслан гүйцэтгэгч компаниар “Сигнэт Уул констракшн” ХХК ажиллаж эхэлжээ. Харамсалтай нь, тус барилгын компаниуд өнөөдрийг хүртэл ажлаа дуусгаагүйн балгаар Улаан-Уул сумын 872 хүүхэд галын эрсдэлтэй, нурах дөхсөн, насжилт нь дууссан байшинд хичээллэж байгаа юм.
        “Есүй-Орд” ХХК-ийг судалж үзвэл, барилга, угсралт, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны аравдугаар сарын 27-нд байгуулагджээ. Ашгийн төлөө, Улаанбаатар, Чингэлтэй, 3-р хороо, 2 40 мянгат, хөнгөн хүнсний үйлдвэр 2/30, 24 тоот хаяг дээр бүртгэгдсэн байна. Хувьцаа эзэмшигчээр нь Мөнхбатын Ананд, Гэндэнгийн Лхагвадорж бүртгүүлжээ. Харин Гэндэнгийн Лхагвадорж нь 2022 онд нэрээ хасуулж, эцсийн өмчлөгчөөр нь Мөнхбатын Ананд бүртгэгджээ.
        Оролцож байсан тендер нь, Стандартын шаардлага хангасан Төрийн архивын байрны барилгыг барих, Хучлага, Дотуур байрны барилга, 150 ор /Булган, Хутаг-Өндөр сум/, XII.2.26 Нийтийн эзэмшлийн орон сууцны гадна фасадны засвар /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, долдугаар хороо, 2, 30, 31 дүгээр байр/, Сургуулийн дотуур байрны барилга, 80 ор /Дундговь, Говь-Угтаал сум/, Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо/, Эрүүл мэндийн төвийн барилга /Булган, Орхон сум/ зэрэг тендерт оролцож байсан ч олонхоос нь хасагджээ. Тодруулбал, 1.6 тэрбумын төсөвтэй Сургуулийн дотуур байрны барилга, 80 ор /Дундговь, Говь-Угтаал сум/-ын тендерт шалгарч, гүйцэтгэсэн байна.

УЛААН-УУЛ СУМЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.ГАНЗОРИГИЙН “СИГНЭТ УУЛ КОНСТРАКШН” ХХК АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

          Харин туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Сигнэт Уул констракшн” ХХК-ийг судалж үзвэл, Цэцгээгийн Ганзоригийн нэр дээр бүртгэлтэй ажээ. Тодруулбал, тус компани нь 2013 оны наймдугаар сарын 20-нд ашгийн төлөө, Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, их тойруу, 73/2, 25 тоот хаяг дээр бүртгэгджээ. Үйл ажиллагааны чиглэл нь, гадаад худалдаа, барилга угсралт, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлээр бүртгүүлсэн байна. Уг компанийн хувьцаа эзэмшигчээр Дашцэрэнгийн Мөнхбаатар бүртгэлтэй байсан бөгөөд 2022 онд Цэцгээгийн Ганзоригийн нэр дээр шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, Цэцгээгийн Ганзориг эцсийн өмчлөгч нь гэсэн үг.
           “Сигнэт Уул констракшн” ХХК-ийн оролцож шалгарсан тендерүүдийг шүүвэл, “Хөвсгөл-Эрчим Хүч” ХХК-ийн захилагын дагуу 14.8 саяын төгрөгөөр Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, “Хөвсгөл-Эрчим Хүч” ХХК-ийн захилагын дагуу 22.4 сая төгрөгөөр Нуурын баруун эргийн 15кВ-ын ЦДАШ барих ажлын төмөр бетон тулгуур, хэрэглэгдэхүүн, “Хөвсгөл-Эрчим Хүч” ХХК-ийн захилагын дагуу 11.9 сая төгрөгөөр Талбайн гэрэлтүүлгийн цахилгаан хангамжийн ажилд шаардлагатай төмөр бетон тулгуур, КТПН-ы суурь, “Хөвсгөл-Эрчим Хүч” ХХК-ийн захилагын дагуу 14.7 сая төгрөгөөр Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, Өмнөговь аймгийн Номгон сум ЗДТГ-ын захиалгаар 25 сая төгрөгөөр Номгон сумын Номын санг тохижуулах ажлыг гүйцэтгэжээ.
Эндээс харахад, “Хөвсгөл-Эрчим Хүч” ХХК-ийн тендерийг “Сигнэт Уул констракшн” ХХК "хамдаг" бололтой. 

ЕСҮЙ-ОРД” ХХК-ИЙН ЗАХИРАЛ М.АНАНД: УЛААН-УУЛ СУМЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ ДӨРВӨН ТЭРБУМААР БАРЬЖ БАЙГАА

Бид сургуулийн барилгын талаар “Есүй-Орд” ХХК-ийн захирал М.Анандтай холбогдож тодрууллаа.
-Улаан-Уул сумын сургуулийн барилга хэзээ ашиглалтад орох вэ?
    -Бид байдаг хөрөнгөө барьцаанд тавьж, зээл аваад энэ хавартаа багтаад ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байна. Улаан-Уул сумын нутаг цэвдэг ихтэй, цаг агаарын нөхцөл байдал хүнд учраас барилгын ажил удааширч байгаа. Өвөл нь -40, -50 хүрдэг, зун богинотой, дулааны улирад шавар, намаг их учраас барилгын ажил явуулахад хүндрэл учруулж байна. Бид бараагаа Улаанбаатараас бараагаа ачаад, Хөвсгөл аймгийн төвөөс Улаан-Уул сум руу зөөдөг. Ачааны зардал ч өндөр гардаг. Тоочоод байвал олон бэрхшээл, замыг туулж байна. Одоо удахгүй ажил дуусна. Дулаалгын, тэр дундаа сууриа дулаах ажил үргэлжилж байна. 
 -Барилгын явж одоо яг хэдэн хувьтай яваа вэ. Энэ хавар ашиглалтад орох уу?
        -Бид хичээн ажиллаж байна. Ашиглалтад оруулна, хүлээлгэж өгнө гэсэн бодолтой байгаа. Барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа учраас дөрөвдүгээр сарын 1-нд бүрэн дуусах болов уу гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн намар сууриа дулаалах гээд цацдаг хөөс цацсан боловч цаг агаарт нь тохирохгүй хууларсан. Одоо дахиад шинээр дулаалж байгаа. Суурины ажил их хүндрэлтэй, цэвдэг ихтэй учраас нэг давхрын хэмжээтэй суурь цутгасан шүү дээ. 
-Сургуулийн барилгын төсөв хэдэн төгрөг вэ?
        -Нийтдээ дөрвөн тэрбум төгрөгийн төсөвтэй. Анх гэрээ байгуулахад 1.6 тэрбумыг нь авсан. Гэхдээ 2013 оны арванхоёрдугаар сарын 28-нд гэрээ байгуулсан учраас төсөв нь буцаад татагдсан. Тэгээд 2014 оны төсөвт дахин суулгаж, 2017 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Харамсалтай нь, цаг агаарын нөхцөл байдлаас болж ажил удааширсан ч 2020 онтой золгосон. 2020 онд барилгын явц 50 хувьтай болоход дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж, барилгын ажил зогссон. Ингээд 2022 оноос хойш ажлаа гүйцэтгэж байгаа.
-Барилгын ажил дуусаагүй байхад улсын комисст хүлээлгэж өгсөн хуурамч акт үйлдээд, үлдэгдэл төлбөрөө авчихсан байна шүү дээ. Дуусаагүй барилгыг яаж, хэнд хүлээлгэж өгсөн юм бэ? 
       -Үнэндээ, бид тухайн үед хурдхан дуусгахын тулд хүлээлгэж өгсөн бичиг баримт үйлдсэн юм. Хоорондоо тохиролцоод, гарын үсэг зураад, үлдэгдэл төлбөрөө авч, барилгаа дуусгахаар болсон. Урьдчилгаа төлбөр нь ачааны мөнгөндөө бараг дууссан учраас барилгын ажлаа үргэлжлүүлэх мөнгөгүй болсон. Иймээс л хүлээлгэж өгсөн гэх бичгийг 2019 оны сүүлчээр үйлдэж, 2020 онд үлдэгдэл мөнгөө авсан.
      -Хэн, хэн, ямар албан тушаалтай хүмүүс улсын комиссын акт үйлдсэн юм бэ?
         -Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай барилга улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа.
-Танай компанийн туслан гүйцэтгэгч компаниар жүжигчин Ц.Ганзоригийн “Сигнэт Уул констракшн” ХХК ажиллаж байсан юм байна. Энэ компани үүргээ гүйцэтгэсэн үү? 
      -Тийм ээ, жүжигчин Ц.Ганзоригийн компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ 2021, 2022 онд больсон байх. Хоёр компани харилцан тохиролцсон учраас ажлаа зогсоосон байх” гэлээ.

Ж.ХУНАН: 11 ЖИЛ ЦАРЦСАН ЕБС-ИЙН БАЙРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ АСУУДЛААР ШААРДЛАГАТАЙ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАНА

Харин Улаан-Уул суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй "царцсан". Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол, мэдээлэл Комисст ирсэн.  Дээрх гомдол, мэдээллийн мөрөөр сургуулийн барилгын ажил зогссон шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, нөхцөл байдал зэргийг тодруулах хүрээнд шаардлагатай баримт баримт материалыг цуглуулж, дүн шинжилгээ хийж байна. Тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр нь 1963-1988 оны хооронд ашиглалтад орсон нийт таван барилга байгууламжтай. Хоёр ээлжээр 300 гаруй хүүхэд суралцдаг. Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байсан нь сургуулийн барилга, дотуур байрыг нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатайг илтгэж байна” гэлээ.

Л.ЭНХ-АМГАЛАН: ДУУСААГҮЙ БАРИЛГЫГ 100 ХУВЬ ДУУССАН ГЭЖ ОЛОН ХҮН НИЙЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА ГЭЖ БАЙХ УУ. ЭНЭ БОЛ ЦЭВЭР АЛБАН ТУШААЛ, АВИЛГА, АШИГ СОНИРХЛЫН ГЭМТ ХЭРЭГ МӨН

Мөн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг “Есүй ордон” ХХК барихаар 11 жилийн өмнө ажил нь эхлээд өнөөдрийг хүртэл дуусаагүй. Энэ бол Монгол Улсын түүхэнд хамгийн удаан баригдсан ч дуусаагүй барилгын ажлаар хар толбо болж үлдэнэ. Хөвсгөл аймгийн барилга, хот байгуулалтын газар, улсын комисст багтдаг эрх бүхий, нэр бүхий хүмүүс хуйвалдаж, гарын үсэг зурж улсын комисст хүлээж аваад, тус компанид 100 хувь мөнгийг нь олгочихсон байдаг. Дуусаагүй барилгыг 100 хувь дууссан гэж олон хүн нийлж гарын үсэг зурна гэж байх уу. Энэ бол цэвэр албан тушаал, авилга, ашиг сонирхлын гэмт хэрэг мөн. Хуулийн байгууллагын дүгнэлт гарч байж улсын комисст хүлээж авсан хууль бус акт цуцлагдаж байж дараагийн шийдвэр гардаг хуультай. Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр очиж ажиллахдаа хуулийн байгууллагын дүгнэлт гарангуут тус компанийн эрхийг цуцалж, хар жагсаалтад оруулна гэдгээ хэлсэн. Ажлыг өөр компанид шилжүүлж,  богино хугацаанд 100 хувь гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдгийг сайдын хувьд хариуцлагатай хэлье” хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл дуусаагүй барилгыг ашиглалтад орсон хэмээн худал акт үйлдэж, гарын үсэг зурахад Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболд ажиллаж байжээ. Харин Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар Б.Ганзориг ажиллаж байжээ.
Харин энэ асуудлаар Улаан-Уул сумын сургуулийн захиралтай холбогдож, тодруулахад "Мэдээлэл өгмөөргүй байна, завгүй байна. Манай сургууль 872 хүүхэдтэй, сургуулийн барилга энэ хавар ашиглалтад орно" гэлээ. 

https://ergelt.mn/news/59/single/41461
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn