ХӨВСГӨЛ: Улаан-Уул сумын сурагчид стандартын шаардлага хангахгүй орчинд хичээллэж байна

57


Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын баг Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд ажиллав.

Улаан-Уул сумын Засаг дарга болон Хамтарсан багийн бүрэлдэхүүнтэй уулзаж, сум дахь хүүхдийн эрхийн зөрчил нөхцөл байдалтай танилцлаа.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин хүүхэд болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг судалж, тусгахаар комисс ажиллаж байна.

Тус ажилтай холбогдуулан хүүхдийн эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцод нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн, олон улсын байгууллагаас санхүүжилттэй зарим байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээлэл цуглуулж байгаа юм.

Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй "царцсан". Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол, мэдээлэл комисст ирсэн байна.

Дээрх гомдол, мэдээллийн мөрөөр сургуулийн барилгын ажил зогссон шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, нөхцөл байдал зэргийг тодруулах хүрээнд шаардлагатай баримт баримт материалыг цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд уулзалтын үеэр сургуулийн багш, ажилтнуудтай ганцаарчилсан ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан “11 жилийн хугацаанд гацсан ерөнхий боловсролын сургуулийн байрыг ашиглалтад оруулах асуудлаар шаардлагатай бүх арга  хэмжээг авч ажиллана” гэдгийг хэлж байлаа.

Тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр нь 1963-1988 оны хооронд ашиглалтад орсон нийт 5 барилга байгууламжтай, хоёр ээлжээр 300 гаруй хүүхэд суралцдаг.

Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудан, эвдэрсэн байсан бөгөөд сургуулийн барилга, дотуур байрыг нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатай байгаа ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn