Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

16
"Арваннаймтууддаа"
Ирэх сарын 2-нд нэр дэвшигч гэх бирдүүд нам гэх дэнлүүнээсээ гарч ирэх нь.  Гарч ирмэгцээ хүн бүрээс хүслийг нь асууна. Сая саяар тоологдох цалин, тэтгэмж, зуу зуун ам.метр байр сууц, дотор нь ормогц шууд л ухаантай, ухамсартай болгодог сургууль, цэцэрлэг, тэр дор нь өвчнийг нь илааршуулдаг эмнэлэг,  хашааны тань үүдэнд тулсан хар зам гээд есөн зүйлийн хүсэл тулгана, биелүүлчихнэ гэж амлалт өгнө. Гэхдээ өөрт нь итгэл сэтгэлээ өгч, ирэх дөрвөн жилээ даатгаад, хүслээ биелэхийг хүлээн нүдээ аниж суух барьцаа нэхнэ. Ээ дээ, итгэв дээ та нар минь.  Өнгөрсөн 28 жилийн хугацаанд амьдрал үлгэр биш гэдгийг, нэр дэвшигч гэх бирдүүд жинхнээсээ хүсэл биелүүлэгч биш гэдгийг ойлгохтойгоо боллоо.
Хэрвээ тэд жинхэнэ бирд байгаад 18 насандаа миний нэр дэвшигчид “шивнэсэн” хүсэл биелэсэн сэн бол би өдийд юун автобусанд чихэлдэн түгжирч, ипотекийн зээлд хамрагдахын тулд яаж ахиухан цалинтай болох тухай зулайгаа халцартал бодох.  Бүр адаглаад утаа, тоосжилт, хүн амын хэт төвлөрөл, эмнэлгийн ачаалал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал цэгцэрвэл цэгцрэхээр л хугацаа өнгөрлөө.
Уг нь ард түмэн их юм хүсдэггүй юм шүү дээ. Их энгийн. Ахмадууд нь цайны сүү, талхнаасаа илүү гардаг боломжийн тэтгэвэртэй, өвчин зовлонгүй,  залуус нь тогтвортой цалинтай ажилтай, байр оронтой, өдөр болгон банкны зээлийн хүүнд “өшиглүүлдэггүй”, хүүхэд, багачууд нь сургууль, цэцэрлэгтэй, аюулгүй тоглоомын талбайтай, оюутнууд нь төлбөрийн дарамтад ордоггүй, дэлхийн боловсролыг эх орондоо эзэмшдэг, Үйлдвэрлэгчид нь төлж чадах хэмжээгээрээ төрөөс нээлттэй зээл авч болдог, бизнесээ өргөжүүлдэг, малчид нь ноос ноолуур, мах сүүгээ үнэ хүргэдэг байвал тэгээд л “жаргалтай үндэстэн” болчихно. Бодоод байхад энэ бүхэн заавал бирд биш, зүгээр л улстөрчид нь зүтгэлтэй, сэтгэлтэй байхад л биелэчих энгийн хүслүүд...
Харамсалтай нь өнгөрсөн 28 жил ард түмний улстөрчдөөс чин сэтгэлээсээ хүссэн  хүслүүд биелэсэнгүй. Харин ч Монгол Улс гаднын орнуудад 30 тэрбум ам.долларын өртэй боллоо. Энэ улсад мэндэлж байгаа хүүхэд бүр хүссэн хүсээгүй 15 сая төгрөгийн өртэй төрж байна. Ядуурал 28.4 хувьд хүрлээ. Нийт 940 мянган иргэн буюу гурван хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд орж, хоосон тогоо харж сууна. Гурван аж ахуйн нэгж тутмын нэг нь хагас жилийн дотор хаалгаа барьж, ажилчид нь гудамжинд лааз өшиглөж байна. Эдийн засгийн сахилга батгүй гээд улсаараа “хар жагсаалт”-нд орчихлоо. Угаасаа амьдрал, нийгэм хар бараан байхад “хар жагсаалт” гэх үг ч иргэдэд хүнд тусахаа больж.
Одоо тэд дахин хүсэл биелүүлэгч бирдийн дүрд хувилаад ирэх дөрвөн жилийг тань хулгайлахаар айсуй. Дунд нь төр, тендерийг хослон баригчид, шинэ, залуу тодотголтой боловч хуучин “домгууд”-ын гар хөлүүд, гэмт хэргээ гишүүний бүрэн эрхээр хаацайлахаар санаархагчид гээд зүүсээ хувилгасан,  цэцэн үг цээжилсэн нөхөд олон бий.

Б.Цогтбаяр
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn