Мөрөн суманд 0 зогсолт хийж эхэллээ
Мөрөн суманд өнөөдөр коронавирусний 2 тохиолдол батлагдсан учраас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 14-р хуралдаанаар 3 дугаар сарын 24-ний 23.00 цагаас 29-ний 06.00 цаг хүртэл 0 зогсолт хийх шийдвэр гаргалаа.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 3 дугаар сарын 24-ний өдөр тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумын халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас 82, нийт 141 сорьцод PCR шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна.
Тодруулбал Улаанбаатар хотоос 3 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн суманд ирсэн 2 иргэн, Цэцэрлэг сумын ойрын хавьтал 1 иргэнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 19 боллоо. Халдвартай нь батлагдсан хүмүүстэй ойр болон дам харьцсан иргэдийг илрүүлэх тандалт судалгааг хийж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.