Ханх сумын иргэнийг ойрын хавьтал байж болзошгүй гэж үзэн шинжилгээ авчээ
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас эрсдэлт бүс нутгаас ирж буй иргэдийг бүртгэлжүүлэн шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн коронавирүсний тохиолдолтой хавьтал байж болзошгүй иргэн энэ сарын 11-нд Мөрөн суманд нийтийн тээврийн автобусаар ирж Ханх суманд очсон байна. Тус иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан бөгөөд сорьцыг дахин Улаанбаатар хотод шинжлүүлэхээр өнөөдөр явуулж байна. Иймээс иргэдийг шинжилгээний баталгаат хариу гартал элдэв, цуурхал худал мэдээлэлд автахгүй байхыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр анхаарууллаа.