З.Мэндсайхан: Малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн даацад нийцүүлэх шаардлагатай

488
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян,  Цаг уур, орчны шинжилгээний  газрын хэлтсийн дарга  Л.Оюунжаргал, онцгой комиссын гишүүд өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Хархорум  түүхт музейд Хангайн бүсийн аймгуудын удирдлагуудтай уулзлаа.  Энэ жилийн хувьд зуншлага 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа гэсэн судалгаа байна.  Говь-Алтай аймгийн 7, Баянхонгор аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4, Төв аймгийн 2, Дундговь аймгийн 9, Өмнөговь аймгийн 6, Дорноговь аймгийн 2 нийт 41 сумын нутгаар зуншлага тааруу байгаа юм.
Энэхүү уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ бэлчээрийн даац, намрын ургац хураалт, отрын бүстэй холбоотой зохион байгуулалтын ажлууд болон цаашид анхаарах асуудлын талаар Аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. З.Мэндсайхан сайд “Дэлхийн дулаарал болон малын тооны өсөлт, бэлчээрийн хортон, мэрэгчдийн тархалтаас шалтгаалан бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаж байгаа тул малчид малыг зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн даацад малын тоог тохируулах шаардлагатайг малчдад ойлгуулах, гэгээрүүлэх ажлыг бүх түвшинд хийх хэрэгтэй байна. Малын тоо толгой өссөн, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан одооноос эхлэн отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл, үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд хяналт тавих ажлыг сайтар зохион байгуулж ажиллах ёстой” гэдгийг онцолж байв.
Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргал Өвөрхангай аймагт зуншлага тааруу, малчид отор нүүдэл хийж, машин дотроо амьдарч байгаа нь цөөнгүй байна. Тус аймаг нийтдээ 9.6 сая толгой малтай, бэлчээрийн даац хэтэрсэн учраас малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаас өөр сонголт байхгүй гэсэн юм. Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасан ч мөн хадлан тэжээлийн бэлтгэл хангахад хүндрэлтэй байгааг хэлэв. Тиймээс зуншлага сайн байсан аймгуудад хадлангийн талбай гаргаж өгөх, отрын бүсийн хуваарыг уян хатан хийх зэрэг саналуудыг дэвшүүллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn