Сонгууль ёстой уйтгартай болж байна аа

449
Нийгэм даяар шуугиан тарьсан бичлэг, элдэв баримтыг ард түмэн энэ өдрүүдэд мөн ч их хүлээж байна даа. Гэтэл УИХ-ын энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үйл явц хүлээлтэд ёстой хүрсэнгүй. Залуусын хэлдгээр уйтгартай, гунигийн сонгууль болж байна. Нэр дэвшигчид хийгээд сонгуулийнх нь пи арыг хариуцаж байгаа хүмүүсээс өмнөх жилүүдийнх шиг өрсөлдөгчийнхөө но-той бичлэг, баримтыг дэлгэж, нус нулимстай нь хольж хаячихаад инээд алдаад сууж байх эр зоригтой, шийртэй хүн энэ удаад гарахгүй нь бололтой. 
Урд урдын сонгуулиудаар манай нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны 20-иод хоногийг сонгогч олныг уйдах завгүй, бүр нэг үзэх юмтай, дуулах сонинтой, ам нийлээд шагшин магтах, айл хотлоороо данхтай цай дундаа тавьж байгаад “Үнэн гэж үү дээ”, “Ийм юм гэж байдаг аа”, “Нөгөө хэн чинь ийм хүн байсан гэж үү”, “Тэр мөн хүн чанаргүй золиг оо” гэлцэх үйл явдлаар дүүрэн өнгөрүүлдэг байлаа.
Бараг цаг тутамд нэр дэвшигчид хийгээд тэдний хамаарал бүхий хүмүүсийн энд тэнд эвгүйтсэн, аальгүйтсэн, идэж уусан, хэрэлдсэн, хэлэлцсэн, төлөвлөсөн, шивнэлцсэн, түгжилдсэн гээд өмнөөс нь ичмээр, инээмээр, уурламаар видео бичлэгүүд сошиалаар нэг цацагддаг байж билээ. Энэ юу ч биш, УИХ-ын гишүүд, нэр дэвшигчдийн бусдынхаа тухай “Тэр улсын тэчнээн төгрөгийг тийм дүүдээ, тэр нууц амрагтаа, энэ цүнх баригчдаа ингэж, тэгж өгсөн”, “Тэгж ярьвал тэр чинь залуудаа тийм өөдгүй гар явсан юм шүү дээ. Одоо л улс эх орон хөгжүүлнэ энэ тэр гээд байгаа болохоос биш.
Алхаж, гишгэж байгаагаас нь харахад ярьж байгаа шигээ хийж яасан ч чадахгүй л дээ, манай энэ. Харин би бол өөр шүү” гэх мэтийн уртаас урт ярилцлагууд, адаглаад улсын хөрөнгө хэрхэн идсэнийг нь, тендерийн будлиан яаж зохион байгуулсныг нь, албан тушаалын наймаанд гаршиж явааг нь гэрчлэх уул овоо шиг олон баримтаар нүдсэн нийтлэлүүдийг сонин, хэвлэлд яаж ийж байгаад төлбөртэйгээр нийтлүүлдэг байв. Телевизүүд ч энэ хошигнолоос хоцрохгүй биенээ үздэггүй хоёр гишүүнийг урьж авчран халз хэрэлдүүлээд, муу муухайгаа дуудалцахыг нь шууд дамжуулаад ямар ч л байсан сонгогчдод нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг тал талаасаа хамжиж, дэмнээд илчлээд өгдөг л байлаа. Сонгогчид санаж байгаа бол, тэр жилийн сонгуулийн өмнөхөн АН-ын төлөөлөл нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Төрийн ордонд согтуу дээрээ тамхи татангаа “Нэгдүгээрт архи уух, тамхи татах, с..с хийх энэ бол хүний амьдралд байх ёстой бүх юм...” хэмээж буй 26 секунтын бичлэг цацагдаж байв.
Гол нь уг бичлэгийг гишүүн асантай нэг тойрогт нэр дэвшигч, улс төрд горилогч олон нийтэд цацахын зэрэгцээ “Бичлэгээ түгээлгэхгүйн тулд өгсөн 50 сая төгрөгийг нь тэврээд хаалгыг нь тогшиж байлаа. Үүний дараа нэгэн нэвтрүүлгийн хөтлөгч, нэр дэвшигч эмэгтэйн “Баянхошууны хар хүүхэн” .... энэ тэр гэж орилсон бичлэг тараад бөөн л хэл ам дагуулсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчийн гадаадын шашны урсгалын хүмүүсээс мөнгө авч байгаа бичлэг үзэгчдэд хүрч байв. Мөн “Сарандаваад итгэдэг ард түмэн. Ард түмэн чинь цагаан цаас байхгүй юу” гэдэг трэнд үг ч сонгогч түмний сонорт хүрч байлаа. Үүний өмнө залуу гишүүний баавгай агнаж, зэрлэг гахай үүрч яваа бичлэг, зураг дэлгэгдэж байв.
Ингээд зогсохгүй нэгэн хамгаалагч залуу “Нэр бүхий улстөрч залуус нэгэн амралтын газрын эмэгтэйг хүчиндсэн” гэж гэрчлэн ярьж хүртэл шуугиан болгож байлаа. Увс аймагт мөнгө ил цагаан тараасан бичлэг нь цацагдаж, УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүдийг эргүүлэн татах асуудал Сонгуулийн ерөнхий хороонд яригдаж хүртэл асуудал нь хүндэрч явлаа. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд нэр дэвшигчдийг эрлийз, хурлийз, гадаадын тагнуул гэх мэт үгс, яриа, баталгаа, нотолгоонууд бол ер тасарч байгаагүй. Ядаж л урамшууллын хэдэн төгрөгийнх нь төлөө хоёр намд зэрэг үйлчилж байгаад баригдсан ухуулагч, хэсгийн ахлагч, хороо, сумын Засаг дарга, төрийн бусад байгууллагын удирдлага, ажилтнуудын хэрхэн сэргэлэнтэж байгаа үйлдлийг баримтжуулсан бичлэг, эвлүүлгүүд ч мунддаггүй сэн.
60 тэрбумын схем, улстөрчдийн энд тэнд агсан согтуу тавьж, авиргүйтэж байгаа дүрс бичлэгүүдээс эхлээд энэ үеэр сонгогчдыг цэнгээсэн, бухимдуулсан пи ар ажиллагаануудыг дурдаад байвал урт жагсаалт хөвөрнө. Үгүй ядахдаа нэр дэвшигчийн өрөөнд утасны дуу хураагуураа асааж ороод яриаг нь бүтэн бичиж аваад тараадаг сан. Эвшээж, хамраа ухаж байгаа эвгүй үйлдлүүдийг нь гэрэл зураг болгочихоод цацдаг сан, зардаг сан. Гэтэл энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид “Хумсаа нуусан муур” шиг л өнгөрсөн хоёр жилд энд тэндээс цуглуулсан, худалдаж авсан баримт сэлт, видео дүрс, ядаж л хөрөнгө зарж хийсэн эвлүүлгүүдээ олон нийтэд хүргэхгүй юм. Дэлгэвэл сонгогчид бут авчихаар, горилогч, гишүүн, нэр дэвшигч нь эвсэл, намынхаа нэрийг нэг мөсөн унагахаар бичлэгүүдийн сураг зөндөө гарсан ч яг цацсан юмгүй өнөөдөрт хүрчихлээ.
Уг нь Ардчилсан намаас МАН-ын нэр бүхий хэдэн залуу горилогчид зориулаад цацвал цацчихаар, сонгогчдын дунд гал гаргачих хэд хэдэн видео дүрс бий л дээ. МАН-д бол АН гэлтгүй “Шинэ эвсэл”, “Зөв хүн электорат эвсэл” гээд бараг бүгдийнх нь но-той, ноцтой дүрс бичлэг битүү байгаа. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй, УИХ-ын залуухан гишүүний бэлгийн чиг хандлагыг тодорхой дэлгэх бичлэг бий л гэнэ. Мөн нэгэн бөхийн их хэмжээний мөнгө тоолж суугаа тэр мөнгөө юунд зарцуулсан баримт нь хүртэл байгаа л гэнэ. Шашны гаж урсгал түгээн дэлгэрүүлж байгаа бичлэг Сүхбаатар дүүргээс цацагдах ёстой л гэнэ. Мөрийтэй тоглож, хоёр охиныг шоглож буй УИХ-ын хоёр ч гишүүний бичлэгийг цацахад бэлэн л гэнэ.
Нэр бүхий томчууд, улстөрчдийн архи уугаад хөлчүүрхэж, уйлж, дуулж, бүжиглэж, бөөлжиж байгаа бичлэгүүд ч байгаа гэх. Гэвч тэд булхай луйвраа хүртэл нам, эвсэл, үзэл бодол өөрөөс үл шалтгаалан хамтран хамгаалдаг, бичлэг, баримтуудаа ханцуйдаа наймаалцаж, тохирохгүй бол “Надад нэг ийм бичлэг байна” хэмээн сошиалдаа тавьчихаад, дэлгэх ч үгүй, яах ч үгүй шантаажилж суудаг технологийг энэ удаад хэрэглэж байгаа бололтой. Байдал бүр хэцүүдвэл өрсөлдөгчөө өрөөндөө дуудаж ирээд өнөөхөө үзүүлж байгаад нэрийг нь татуулахаас гадна нэмж хэдэн төгрөг авдаг техниктээ ашиглах юм байлгүй.
Хэдийгээр ийм бичлэг, баримтууд өрсөлдөгчөө унагах хар пи ар ч гэлээ үүнийг дэлгэснээр ард түмэн нэг хэсэгтээ л ярих яриатай болохоос гадна хууль бус зүйл хийдгээрээ гаршсан хийгээд ёс зүйн хувьд УИХ-ын сэнтийд тохирохгүй нэгэн төрд гарахаар зүтгэж явна шүү гэдгийг сонгогчдод батлаад өгөх давхар ашигтай юм шүү дээ. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны хугацаа олон нийтийг үзэх юмгүй, сонсох сонингүй тун онцгүй байсаар шувтарч байна даа. Уйтгартай байна, нөгөө талаар улс төр рүү улайрахдаа баг өмсөгчдийг танихад улам ч хэцүү болж байна.   

Б.Энх
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn