“Цагаан гартай, нулимс нь гардаггүй” Э.Батшугар

440
Намбарын Энхбаяр гэдэг том хүн “нурж”, оймстой хөл нь дээр гозолзон баривчлагдсан хачин үйл явдлын дараагаас Э.Батшугар гэх нэр сонсдох болсон билээ. Н.Энхбаяр гуай “тэнд” өлсгөлөн зарлаж байх үед Б.Батшугар аавынхаа биеийн байдлын талаар цаг үргэлж ам нээж, мэдээлж байв. Дараа нь мөн оны аравдугаар сард тэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдож байлаа. Нэг үгээр түүнийг АНУ-д сургууль төгссөн, өндөр боловсролтой, аавынхаа шийрийг хатаах толгойтой залуу гэдгээр нь олон нийт харж явдаг байв.
Харин энэ жилийн УИХ-ын сонгуульд аавынхаа намын далбаан дороос буюу “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа. Улс төрд орох гэж төлөвлөсөн нь бол эртнээс. 2016 оны сонгуульд дэвших гэхэд нь цэргийн алба хаагаагүй гэх шалтгаанаар “хасуулсан” гэж тэрбээр ярьдаг.
Гэвч сонгуулийн сурталчилгааны 21 хоног эхэлснээр түүний өртсөн сонин бичлэгүүд сошиал орчинд дэлгэгдэж, Э.Батшугар гэж хэн юм бэ гэх асуулт хөвөрч эхэллээ. Лав л магтуулсангүй, тэр.
“Та бидний эвсэл”-ийн хэсэг нөхөд, тэр дотроо Н.Энхбаяр, Э.Батшугар нар иргэд, сонгогчидтойгоо уулзах үеэр хийгдсэн хоёр бичлэг цацагдсан. Бичлэгт Э.Батшугар үг хэлэх үеэрээ яг л айлын эрх, 10 настай хөвгүүн шиг аав руугаа эргэн эргэн харан инээд алдаад, намайг Н.Энхбаярын Батшугар гэдэг гэж ирээд л. Гартаа атгасан цаасаа байн байн ширтэж, эв хавгүй яриагаар бөөрөнхийлэв.
Бас нэг “уйлдаг” бичлэг бий. Төрийн дуулал эгшиглэх үеэр уруул нь өмөлзөж, нүдээ анивчина. Даанч нулимс гараагүй. Хоолой нь бол ихээхэн зангирсан юм шиг билээ.
Индивидуал хүний үйлдлийг сэтгүүл зүйн бичвэртээ ийн дүрсэлсэн нь ёс зүйгүй уншигдаж мэднэ. Гэхдээ чухам ийм дүр зураг харагдсан учраас олон нийт түүний тухай идэвхтэй хэлэлцэж байна. Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөгөө айхтар боловсролтой, сайн төлөвшсөн гэж ойлгогддог Э.Батшугар яг л өсвөр насны хөвгүүн шиг аавынхаа урд дэвэлзэж, хөөрцөглөж байгаа нь, улс төрд хүч үзэх гэж буй хүний буурь, шийр заахгүй байгаа нь аргагүй эргэлзээ төрүүлж байгаа юм.
Бичлэгийг үзсэн сошиал хэрэглэгчид “аавын эрх хүү л байсан юм байна шүү дээ”, “ямартай ч хэвийн биш” гэхчлэн үгсийг чулуудсаар. Э.Батшугарын АНУ-д боловсрол эзэмшсэн, хэд хэдэн компанид хувьцаа эзэмшиж, банк санхүүгийн чиглэлээр ажилласан туршлагатай нь үнэн байх. Гэхдээ хувь хүний төлөвшил талдаа БОЛООГҮЙ буюу НАСАНД ХҮРЭЭГҮЙ нь энэ зэргийн үйлдлээс нь харагдаж байна гэлтэй.
Нөгөө талаар тэр бодит амьдралаас тэр хэтэрхий хол өссөнийх буй заа. Амьдрал үзэж, хал суугаагүй нь илрэл. Гадаад дотоодоор явж, аавын шийрээр сургууль соёл төгсөөд ирсэн ч хувь хүн нь өөрийгөө олоогүй, хийсгэлэн дэвээн дээр дэвж явна. 

Эх сурвалж: Eguur.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn