Гэр бүлдээ агсам тавьснаар хүүгийнхээ гарт амиа алджээ
Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү олны анхаарал татсан болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Хөвсгөл аймгийн иргэн 39 настай иргэн Н гэгч нь ор сураггүй алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Хэргийг шалгахад, тухайн амь хохирогч гэртээ архидан согтуурсан үедээ агсам тавьж маргаан үүсгэсэн учраас амь хохирогчийн ууган хүү түүнийг онц хэрцгий аргаар хөнөөгөөд ул мөрөө далдлах зорилгоор нууж, ууланд хаясан байсан. Энэ хэргийг одоогоор мөрдөн шалгаж байна. Тухайн хэргийг шалгах явцад хүүгийнхээ гарт амиа алдсан 39 настай иргэн удаа дараа гэртээ архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдсон. Иргэд архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагаас аймшигтай хэрэг гарч байна. Дээрх аймшигтай жишээнээс харахад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь нэг айлын амьдралыг сүйтгэж, аав нь нас барж хүү нь гэмт хэрэгтэн болж байна. Мөн Босоо Хөх Монгол ТББ-ын тэргүүн бусдад хутгалууллаа гэсэн мэдээлэл цахим орчинд тарсан. Дорноговь аймагт согтуурсан үедээ үл ялих зүйлээс үүдэн маргаж нэгнийгээ хутгалсан асуудал гарсан. Анх цагдаагийн байгууллагад согтуу хүнд хутгалууллаа гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу шалгалтын ажиллагаа үргэжилж байна" гэж мэдээллээ.