Энэ цагийн Гобсекүүд буюу мөнгө хүүлэгчдийг улс төрд бүү ойртуул

417
УИХ-ын ээлжит сонгууль ойртож байгаа энэ үед аль хэдийнээ далд сурталчилгаа эхэлжээ. Нялуун магтаал, эрээ цээргүй гүтгэлэг, улс төрчийн хичээнгүйлэн авахуулсан гэмгүй царайтай, инээмсэглэсэн зурагнууд хаа сайгүй. Өнөөх зургийн аль нэг буланд  иргэддээ хайр зарласан хуурай хоосон үгс дурайна. Ихэнх  магтаалын мэдээ,  өрсөлдөгчөө намнасан гүтгэлгүүдийнх нь буланд бас бүүстэлсэн, мөнгө төлсөн нь үзэгдэнэ.
Эрх баригч намынхан өөрсдийн ЖДҮ-чдийг зарлаж, нэр дэвшүүлэхгүй л гэнэ. Харж л байя. Хамаарал бүхий этгээддээ ЖДҮ зээл авч өгсөн, хүсэлтээ гаргасан зарим гишүүний  данс руу өнөөх ЖДҮ авч өгсөн хүнийх нь данснаас мөнгө орсон талаар мэдээлэл явсан.
Тендерийн арван хувь гэдэг шиг л юм болсон юм уу даа. Хувийнхаа компани, банк бус санхүүгийн байгууллагадаа  давуу эрхээ ашиглан ЖДҮ авсан гишүүдийг мөнгө угаасан байж болзошгүй гэж хуулийн байгууллага шалгасан. Прокурор яллагдагчаар татах гэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газар кнопоор наймаалцаж авч үлдсэн. Маш олон улстөрч, албан тушаалтан  хувьдаа банк бус санхүүгийн байгууллагатайг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.
Тэдгээр мөнгө хүүлэгчид юунд улс төр лүү хошуурна вэ. ЖДҮ мэтчилэн өөрийн санхүүгийн нөхцөлийг сайжруулах гэсэн л    зорилго бус уу. Хүүлсэн мөнгөөрөө иргэдэд гурил будаа, маск, яль шальхан юмаар хуураад тэрүүгээрээ саналыг минь худалдаж авах юм байх аа.    Зарим тойрогт нэр дэвшихээр санаархагч  гэр хорооллын булан тохой бүрийг самнаж, гурил будаа тараагаастай. Ядуу өрхийн хүүхдүүдэд өөрийн нэртэй цүнх бэлэглээстэй.
Өнөөхийг нь үүрээд яваа хүүхдийг үеийнх нь шоглоход энүүхэнд. Тусламжийн цүнх үүрсэн ядуу хүүхэд гэж ойлгуулаад байгаа юм чинь аргагүй биз. Бүтэн дөрвөн жил тойргийнхоо айлуудын хаалга үүдийг нь онголзуулж, элдэв юм амлаастай. Банк  бус санхүүгийн байгууллагатай мөнгөжүү нөхөр л  хаашаа л харна, хаа сайгүй байх болов.
Компьютерын дэлгэц нээвэл Сүндий, телевиз асаахад Сүндий, хичээлдээ яваа хүүхдийн цүнхэн дээр Сүндий, коронагийн далимаар хүмүүсийн аман дээр Сүндий очоод наалдчихлаа. “Нэткапитал”,” Сүндий сан” гэсэн  нэртэй маск Чингэлтэй дүүргийн иргэдийн зүүсэн маскан дээр дурайгаад байх юм.
Хэний мөнгийг хүүлчихээд хэнд маск цүнх өгч хуураад байна. Мөнгө хүүлэгчид  улс төр лүү яагаад  ингэж орохоор тэмүүлнэ вэ. Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг. Бальзакийн “Гобсек”-ийг мэднэ дээ, манайхан.  Мөнгө хүүлэгчийн  үнэн төрх дурайна шүү дээ. Энэ удаагийн сонгуульд ганц Сүндий гэхгүй олон тооны мөнгө хүүлэгчид өрсөлдөхөөр биеэ бэлдээд эхэлжээ.
Тэд сонгогчдын саналыг хүүлсэн мөнгөөрөө худалдаад авна гэж бодож байгаа. Бас ард иргэдэд тараасан мөнгөө дараагийн зээлдэгчдээс, тэр ч байтугай төрийн өмч, тендер төслөөс авна гээд тооцчихсон л байгаа. Ийм сэтгэлгээ нийгэмд зөв хандлагыг бий болгож, ядуурлыг бууруулахгүй. Эсрэгээр энэ цагийн бараан төрх ахиад хэдэн жилээр үргэлжлэх болно. Тиймээс энэ цагийн Гобсекүүд буюу мөнгө хүүлэгчдийг улс төрд бүү ойртуул!

Эх сурвалж: updown.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn