Дэлхийн хамгийн том мөсөн уул Өмнөд Жоржиа арлын ойролцоо гацжээ

ЛОНДОН 2025 оны гуравдугаар сарын 5 /BBC/. Дэлхийн хамгийн том мөсөн уул болох “А23а” Атлантын далайн өмнөд хэсэгт орших Өмнөд Жоржиа арлаас 80 орчим км-ийн зайд гүехэн усанд "хайргадаж" хөвөхөө больсон тухай Их Британийн Антарктидын судалгааны төв мэдээлжээ.
Мөсөн уул Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох тус арлын баруун өмнөд хэсэгт гацаад байгаа ажээ.
Лондон хотоос хоёр дахин том хэмжээтэй, бараг нэг их наяд тонн жинтэй уг аварга том мөсөн уул 2020 оноос хойш Антарктидаас хойд зүгт Өмнөд Жоржиа арлыг чиглэн хөвж байсан бөгөөд аралтай мөргөлдөх эсвэл ойрхон гацвал арал дээр өсөж үрждэг далайн хав, оцон шувууд голдуу зэрлэг амьтад хооллох газар руугаа очиход саад учруулж болзошгүй гэж эрдэмтэд болгоомжилж байсан юм. Гэвч аварга мөсөн уул гуравдугаар сарын 1-ний өдөр арлын гүехэн усанд гацжээ.
"Хэрэв мөсөн уул хөвөхгүй үлдвэл арлын амьтдын амьдрах орчинд ихээр нөлөөлөхгүй. Сүүлийн хэдэн арван жилд Өмнөд тэнгисээр энэ чиглэлээр хөвөж байсан олон мөсөн уул удалгүй задран хуваагдаж, хайлж үгүй болсон" гэж Их Британийн Антарктидын судалгааны төвийн далай судлаач Эндрю Мейерс ярьсан байна.
"A23a" бол дэлхий дээрх хамгийн том мөсөн уул бөгөөд 1986 онд Фильхнерийн мөсөн тавцангаас тасарчээ. Судлаачдын хэлснээр, хөлөг онгоцууд тойрч гарч чадах тул мөсөн уул одоогоор усан замын тээвэрт аюул учруулахгүй боловч жижиг хэсгүүдэд хуваагдвал зарим бүсэд загас агнуурын хөлөг онгоцууд орох боломжгүй болж магадгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг