Хогийн саванд халуун үнс нурам хийхгүй байхыг анхааруулав
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг халуун үнс нурмаа хогийн саванд хийхгүй байхыг анхааруулж байна. Мөрөн хотын 4 дүгээр сарын хог ачилт эхэлсэнтэй холбогдуулан иргэд хашаан дотроо хог болон өнжмөл шар өвсийг шатааж ил гал гаргах, шатаасан үнс нурамтай хог хаягдлаа хогийн саванд хийж шатаах зэрэг зөрчлүүд удаа дараа гарч байгаа гэнэ. Иймээс иргэдийг ил задгай гал гаргахгүй байж хог хаягдлаа бүрэн унтарсан хойно хогийн саванд хийж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүй эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100,000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1,000,000/ төгрөгөөр торгоно гэдгийг мэдээллээ.
Б.Гантуяа