Шатахууны дэлбэрэлтэд 2 хүнийг яллагдагчаар татжээ

53

"Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр 10 сарын өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан том оврын машин осолдож, дэлбэрэлт болсон. Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээллээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрэлт болсон. Энэ хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.
Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хоёр хүнд Эрүүгийн хуулийн :
  • 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/
  • 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/
  • 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэнэ.
Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn