Сэрэмжлүүлэг: “Бэлтэсмөрөн” ХХК-д иргэдийн оруулсан мөнгөн хохирлын хэмжээ 200 гаруй тэрбум төгрөгөөр яригдаж байна
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үйл ажиллагааг нь өнгөрсөн гуравдугаар сард зогсоосон байдаг.
“Бэлтэсмөрөн” ХХК-ийг иргэн С.Ганбаатар 2012 онд байгуулсан бөгөөд 2021 онд охин Г.Нямдэлгэрт шилжүүлсэн байна.
Тэгвэл иргэн Г.Нямдэлгэр нь “Нэмэх даатгал” гэх улсын бүртгэлгүй компанийн нэрээр 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн иргэдтэй “даатгалын гэрээ” байгуулж, улмаар хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт холбогдон, уг хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүхэд шилжүүлж, шүүхээс түүнд нэг сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Тус компани нь иргэдийн мөнгийг олон улсын арилжаанд оруулж гадаад зах зээлд эргэлдүүлж, буцаагаад хүүтэй нь олгодог хэмээн үйл ажиллагаагаа тайлбарладаг байна. Гэвч “Бэлтэсмөрөн” компани гадаад улстай нэг ч гүйлгээ хийгээгүй, олон улсын валютын гүйлгээний ямар ч дансгүй, улмаар энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй гэдгийг цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн понзи схемийн аргаар иргэдийг залилсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Понзи арга гэдэг нь нэг иргэнээс мөнгө аваад, маргааш нь дахин өөр хоёр хүнээс мөнгө авч түрүүнд нь мөнгө өгсөн хүнд хувь олгох зарчмаар явагддаг хэлбэр юм байна.
Тэгвэл “Бэлтэсмөрөн” ХХК өнөөдрийг хүртэл дээрх төрлийн үйл ажиллагаагаа үргэлжүүлэн явуулж байгаа гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас компанийнх нь дансан дахь мөнгийг битүүмжилсэн учраас мөнгө гаргаж өгөх боломжгүй гэдэг тайлбарыг иргэдэд өгч байсан аж. Харин битүүмжлэгдсэн гэх Хаан банкны данс нь ямар ч мөнгөгүй, компанийн эзэд бүх мөнгөө бэлнээр нь авсан гэж хохирсон иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа хуульч, өмгөөлөгч Д.Алтангэрэл өнөөдөр хэвлэлд өгсөн тайлбартаа ярьсан юм.
Одоогоор иргэдийн хувьд 200 гаруй тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж эхлээд байна. Хэрэв тус компанид мөнгө өгсөн иргэд байгаа бол цагдаагийн байгууллагад хандахыг хуульч Д.Алтангэрэл зөвлөлөө.
Хэргийг Улсын мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.