Бизнесийн менежментийн цогц сургалтын шилдэг 30 оролцогч сертификатаа гардан авлаа

57

ХААН Банк бизнес эрхлэгчдийг тууштай дэмжиж, өсөж хөгжихөд нь хөшүүрэг болсон цогц сургалт, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд ХААН Банкны Жижиг, дунд бизнесийн академиас “Содура консалтинг” зөвлөх үйлчилгээний компанитай хамтран бизнесийн орчинд ур чадвартай манлайлагчдыг бэлтгэх зорилготой “Бизнесийн менежментийн цогц сургалт” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Хөтөлбөрийн 1-р түвшний сургалт 2024 оны 3-р сараас эхлэн 2 сар орчмын хугацаанд онлайнаар явагдаж, 100 гаруй бизнес эрхлэгчийг хамруулсан бөгөөд сургалтаар олж авсан академик мэдлэгээ ашиглан, оролцогчид бизнесийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж, амжилт, дутагдалтай талуудаа тодорхойлон, тулгарч буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулсан юм. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагууд бизнесээ цогц, системтэйгээр удирдахад шаардлагатай бизнесийн стратеги, хүний нөөц, санхүү, үйл ажиллагаа, борлуулалт гэсэн 5 үндсэн чиглэлийн хүрээнд мэдлэг, ур чадвараа сайжруулсан.
 
Хөтөлбөрийн 1-р түвшний сургалтад амжилттай хамрагдсан 100 оролцогчоос шилдэг 30 гүйцэтгэх удирдлагыг 2-р түвшинд шалгаруулсан төдийгүй тэд удирдах ур чадвар, өндөр бүтээмжтэй баг бүрдүүлэх, багийн гүйцэтгэлийг сайжруулах арга ухаанд суралцаж, өнөөдөр сертификатаа гардан авсан юм.
Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын нэг "Person" эмэгтэйчүүдийн эмнэлгийн Гүйцэтгэх захирал Э.Номундарь:

“Манай эмнэлэг эмэгтэйчүүд, нөхөн үржихүй, гоо сайхны чиглэлээр 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалтын талаар дүгнээд хэлэхэд, эхний түвшинд бид бизнесийн оношлогоо хийж, хөгжүүлэлтээ төлөвлөсөн бол дараагийн түвшинд удирдах ур чадвараа ахиулж, багийн менежмент болон өндөр гүйцэтгэлтэй багийг хэрхэн бий болгох талаар гүнзгий мэдлэгтэй болсон. Багийнхаа чухал үе шатуудыг тодорхойлж, бизнесийн онц чухал зүйлсэд төвлөрч, стратегиа тодорхойлж сурсан. Мөн 2025 оны зорилго, хүрэх цэгээ тодорхойлсон. Ингэснээр байгууллагынхаа хөгжлийг дараагийн түвшинд аваачна гэдэгтээ итгэлтэй байна. Энэхүү сургалтыг зохион байгуулсан ХААН Банк болон “Содура консалтинг”-ийн хамт олонд маш их баярлалаа” гэлээ.
"АМДЭ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ариунболор:
“Манай компани Монголын уламжлалт хэвийн боов, талх, нарийн боовныүйлдвэрлэлийг 17 жил тасралтгүй эрхэлж, ХААН Банктай хамтран үйл ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Энэхүү хөтөлбөрийн 1-р түвшинд 100 гаруй захиралтай хамт суралцаж, дараагийн шатанд шалгарч үлдэн, маш их зүйл сурч, өнөөдөр төгсөлтөө хийж байгаадаа баяртай байна. Сургалтаар бизнесээ хэрхэн оношлох, дүгнэх, төлөвлөх, гүйцэтгэл өндөртэй багийг хэрхэн бий болгох тухай маш олон мэдлэг мэдээлэл олж авлаа. Нэг жишээ дурдвал, 2-р шатны 4DX аргачлал нь багийн гүйцэтгэлийг хэрхэн нэмэгдүүлж, урам зоригтой ажиллах талаар бодит ойлголт өгсөн.
Энэ аргуудыг одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, ажилчдын үнэлгээг сайжруулах болсондоо сэтгэл хангалуун байна. Цаашлаад дараагийн шатны тэтгэлэгтэй зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болсондоо баяртай байна” гэлээ.
Энэхүү хөтөлбөр нь суралцагчаас идэвхтэй оролцоо шаарддаг, үр дүнд чиглэсэн танхимын болон онлайн хосолсон сургалт бөгөөд оролцогчдод бизнесийн болон хүний нөөцийн удирдлага, багийн бүтээмж, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах арга, аргачлалыг системтэйгээр суралцан бизнестээ шууд хэрэгжүүлэх боломж олгодгоороо онцлогтой. Мөн ижил түвшний бизнес эрхлэгчидтэй харилцан туршлага солилцох, урт хугацааны нөхөрлөл, түншлэлийн харилцааг бий болгож хамтдаа өсөх нь хөтөлбөрийн бас нэг онцлох тал юм.
2021 оноос хойш 500 гаруй бизнес эрхлэгчийг чадавхжуулсан энэхүү “Бизнесийн менежментийн цогц сургалт” хөтөлбөрт энэ онд амжилттай хамрагдсан аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагууддаа бизнесийн өндөр амжилт хүсье!

Амжилт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn