Монголд багшийг хамгаалах хууль байхгүй, Солонгост багшийг дарамталвал хариуцлага хүлээнэ

66
Манай улсад багш нар мэргэжлээрээ ажиллахгүй байх шалтгааны нэг нь эцэг эхчүүдээс ирэх дарамт байдаг. Тиймээс энэ удаагийн “Бид, Тэд” буландаа манай улс болон бусад улсад эцэг эх болон багш  хоорондын харилцааг хэрхэн зохицуулсан байдаг талаар бэлтгэн хүргэж байна.

Монголд: Эцэг эхчүүд багшийг дураараа доромжилж болдог

 
Багш хүн бол өсвөр үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг чадвар олгох, тэднийг бие хүн болгон хүмүүжүүлэх чиглүүлэгч луужин юм. Өөрөөр хэлбэл, хүнийг залж, засах үүрэг ганцхан багш хүнд оногдсон байдаг. Тэгвэл сүүлийн үед багш мэргэжлээр ажиллахгүй байх шалтгааны нэгээр эцэг, эхээс ирэх дарамтыг хэлж байна. Б.Ганчимэг сургуулийн өмнөх боловсролын багшаар 20 гаруй жил ажиллаж буй. Өнгөрсөн хугацаанд тэрээр ажил мэргэжилдээ дурлан, хичээнгүйлэн ажиллаж олон хүүхдийг хүмүүжүүлүүлжээ. Гэвч сүүлийн жилүүдэд эцэг эх болон удирдлагаас ирэх дарамт их байгаагаас үүдэж ажлаасаа халшрах болжээ. Энэ тухайгаа “Орчин үеийн хүүхдүүд ээжийнхээ гэдсэнд байхаасаа эхлэн суралцдаг болсон. Гэвч эцэг эхчүүд үүнийг үл анзааран хүүхдээ буруу дадал хэвшил, зан ааштай болгочихоод цэцэрлэг, сургуульд авчирч өгдөг. Ингээд удалгүй багш нарыг буруутгаж, загнаж, элдвээр хэлж, доромжилдог. Үүнээс үүдэж багш нарыг үнэлэх үнэлэмж буурч байна. Одоогоос 10 жилийн өмнө эцэг эхчүүд багшийг хүндэлдэг, хүүхдүүдийн хүмүүжил төлөвшил ч өөр байсан” гэсэн юм.
Анги бүрд эцэг эхчүүдийн групп чат гэж бий. Тэгвэл тус чатад олон төрлийн ээж, аавууд бий. Тухайлбал, эцэг, эхчүүдийг багшийн эсрэг турхирдаг, багшид үнэтэй бэлэг авч өгөхийг уриалж баярхдаг, бүгдийг чимээгүй ажиглаж байдаг, бүх зүйл дээр сенсацилдаг нэгэн зэргээр олон ангилна. Тэгвэл эдгээр олон хүний хандлага, харилцаа багшид хүндрэлтэй байдаг ажээ. Энэ талаар Б.Ганчимэг багш “Цэцэрлэгийн багш нар камерийн дор сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгвэл дуртай эцэг эх нь орж ирээд камер шүүнэ гэдэг. Мөн олон хүмүүсийн хажууд багшийг буруутгах үл тоох, доромжлох зэрэг үйлдэл их гардаг. Тиймээс багшийг хамгаалах тэр дундаа эцэг эхчүүд багштай харилцах харилцааны дүрэм, журам гаргах шаардлагатай болсон гэж боддог” гэсэн юм.
 

Солонгос: Эцэг эхчүүдийг багштай шууд харилцахыг хоригложээ

 
Солонгост олны чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн хэрэг өнгөрсөн жил болсон. Тодруулбал, дөнгөж их сургуулиа төгсөөд анхныхаа ажилд орсон залуухан багш “О” нь сурагчдын ар гэрээс ирсэн дарамт дээрэлхэлтийг тэвчилгүй амиа хорлосон байдаг. “О” нь нэгэн бага ангийн багшийн оронд ажиллахаар болсон ч түүнийг туршлагагүй залуу багш хэмээн эцэг эхчүүд тэр даруй гоочилж, шүүмжлэн, амралтын өдрөөр хүртэл түүн рүү “Чамайг багшлах эрхгүй болгоно”, “Чамайг цагдаад өгнө. Шоронгийн хоол идэж хатаарай” зэргээр дарамтлан сүрдүүлж эхэлжээ. Үүнд цочирдсон “О” бусад багш нар болон удирдах албан тушаалтнаас дэмжлэг хүссэн ч энэ явдлыг багш болгон туулдаг хэмээн байдаг л нэг үзэгдэл тул өөрөө учраа ол хэмээн удирдлагууд нь огт тоогоогүй байна. Үүнээс хойш тэрээр 10 сарын дараа буюу өнгөрсөн оны нэгдүгээр сард амиа хорлосон юм. Боловсролын хэлтсээс энэ явдлыг эцэг эхийн дарамт шахалтаас үүдэлтэй хэмээн утсанд нь хийсэн шүүх эмнэлгийн шалгалтаар дарангуйллын өнгө аястай 1500 гаруй дуудлага, мессеж олдсон байна. Хэрэг гарсны дараа Солонгос улс даяар багш нар ажил хаялт зарлан, суулт хийснээр боловсролын тогтолцоондоо өөрчлөлтийг хийж чадсан юм. Тодруулбал, Солонгос улс даяар багш нар ажил хаялт зарлахад Засгийн газар нь уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээгээ танилцуулжээ. Үүнд, Багш нар тулгамдаж буй асуудлаа мэдээлэх, хууль эрх зүйн зөвлөгөө авах боломжтой лавлах товчоо бий болгосон. Хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтэй нэр холбогдсон багш нар гүтгүүлсэн байж болзошгүй тул шууд ажлаас нь халахгүй байх. Эцэг эхэд багшийн утасны дугаар болон бусад хувийн мэдээллийг өгөхгүй байх. Сурагчийн ар гэр үндэслэлгүй гомдол гаргах, багшаас албан үүрэгтэй нь хамаарахгүй зүйл шаардах зэргээр "сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд" саад учруулбал 3000 гаруй долларын торгууль ногдуулахаар хуульчилсан байна.
 

Хятадад: Багшийг хамгийн ихээр хүндэлдэг

 
Хятад улсад боловсролын өрсөлдөөн их байдаг. Тиймээс хүүхдүүд нь цэцэрлэгт орсон цагаасаа олон цагаар хичээллэж эхэлдэг байна. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдүүд хичээлээс гадуур хоёроос дээш сургалтад явдаг. Ингэхдээ дээс болон шоо эвлүүлэх, шүлэг цээжлэх зэрэг сургалтад хамрагддаг ажээ. Мөн багшийг үнэлэх үнэлэмж бусад улс орноос илүү байдаг аж. Олон улсын судалгаанд дурдсанаар багш мэргэжил эзэмшихэд хамгийн таатай улс бол Хятад улс гэжээ. Учир нь Хятад улсад багш нар нийгэмдээ хамгийн сайн үнэлэгддэг байна. Тиймээс эцэг эхчүүд багшийг доромжлох, багштай зүй зохисгүй харьцах зэрэг асуудал үүсдэггүй. Мөн багш нар нь эцэг, эхчүүдтэй групп чат нээсэн байх бөгөөд хүүхдүүдийн талаар өдөр бүр мэдээлэл өгдөг байна. Энэ тухай Бээжин хотод оршин суугаа иргэн Г.Халиун “Манай хүү Бээжинд цэцэрлэгт явдаг. Хятад ээж, аавууд багшид хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ манай улс шиг багшийг хүндэлж байна гээд бэлэг сэлт барьж гүйдэггүй. Багш нар нь ч бэлэг авдаггүй. Гэхдээ багшийн шаардлагыг хүлээн авч, хүндэтгэлтэй ханддаг. Хятад хүүхдүүдийн хандлага ч манай Монгол хүүхдүүдээс өөр байдаг. Тухайлбал, хичээл дээрээ үймүүлэхгүй байх зэрэг зөв дадал хэвшилтэй байдаг юм шиг санагддаг” гэсэн юм.
 

Японд: Багшийг хамгаалах хуультай

 
Цаг бол япон сурагчид өндөр амжилт үзүүлж буйн чухал хүчин зүйл юм. Саяхныг болтол Японы нийтийн сургуулийн сурагчид долоо хоногийн зургаан өдөрт нь сургуульдаа явдаг байв. Үүнээс гадна Японы сургуулийн хүүхдүүд өдөрт хэдэн цагийн гэрийн даалгавар хийхэд зарцуулдаг байна. Тэдний зуны амралт зургаан долоо хоног байдаг нь бусад улсуудаас хамгийн богино нь юм. Амралтаараа сурагчид судалгаа хийдэг байна. Японы ихэнх сурагч хичээл тарсны дараа янз бүрийн хувийн сургалтад багагүй цаг зарцуулдаг ажээ. Эдгээр нэмэлт сургалтуудын үр нөлөөг нийлүүлбэл япон сурагчид ахлах сургууль төгсөх үедээ олон жилийг сургалтад зарцуулсан байдаг гэнэ. Зуны амралт нь богино тул япон сурагчид дараагийн хичээлийн жил эхлэхэд өмнө нь сурсан үлэмж зүйлийг мартаагүй байдаг. Тэгвэл японы боловсролын чанарын хамгийн чухал нэг түлхүүр нь маргаангүй багшийн чанар билээ. Аж үйлдвэржсэн олон улс оронд багшийн ажил нь цагаан ба хөх захтны ажлын заагт оршдог. Гэр бүлийн хэн нэгэн багш байх нь тухайн гэр бүл дундаж ангийн доод хэсгээс жинхэнэ дундаж ангид шилжин орох чухал үе шат юм байна.
Мөн багшийн цалинг бусад төрийн албан хаагчдаас 30 хувиар илүү байдаг. багшийн үнэлэмж сайн учир эцэг эхчүүдийн зүгээс ч мөн адил багштай харьцах харилцаа нь сайн байдаг ажээ. Мөн багшийг хамгаалах хуультай байдаг юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn