Ардчилсан улс боловч Хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухарч, хэвлэн нийтлэх эрхийг эрүүгийн хуулиар боомилж байна!

131

-Монгол улс 2023 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр хоёр байр ахисан ч "асуудалтай" ангилалд багтсаар байна-
Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн. Энэ бол 1948 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолоос авсан эшлэл юм. Та төр нь иргэндээ үйлчилдэг ардчилсан нийгэмд амьдарч байна.  Хэвлэлийн эрх чөлөөгүйгээр ардчилал байх боломжгүй. Асуудал нэгэнт үүссэн байвал тэр нь олон нийтэд ил тод байх ёстой болохоор хуримтлагдаж буй болсон зөрчил, маргааныг хэвлэлийн эрх чөлөөгүйгээр шийдэх аргагүй... Энэ бол ХБНГУ-ын канцлер асан Герхард Шрейдерийн өгсөн тодорхойлолт юм. 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны эл өдөр тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан RSF буюу “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас жил бүр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарладаг. 2023 онд манай улс 180 орноос 88 дугаарт бичигдэж байсан юм.
Тухайн улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг дүгнэхдээ:
  • Улс төрийн нөхцөл байдал
  • Хууль эрх зүйн орчин,
  • Эдийн засгийн нөхцөл байдал,
  • Нийгэм соёлын нөхцөл байдал,
  • Аюулгүй байдал гэсэн таван шалгуур үзүүлэлтийг ашиглаж байна.
Манай улсын хувьд 2023 онд дээрх таван үзүүлэлтээс хамгийн өндөр оноо авсан нь аюулгүй байдал бол эдийн засгийн нөхцөл байдал хамгийн бага оноо авч, нийт оноог доош татсан гэж болно. 2013-2023 оны хугацаан дахь дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээс харахад зөвхөн Монгол гэлтгүй ихэнх улс оронд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзүүлэлт буурсан байгаа нь илт байна.
Тодруулбал, 2013 онд хэвлэлийн эрх чөлөө “маш сайн” гэсэн ангилалд 26 улс багтаж байсан бол 2023 онд ердөө найман орон л энэ ангилалд багтаж чаджээ. Харин “маш муу” ангилалд 10 жилийн өмнө 20 улс орж байсан бол өнөөдрийн байдлаар 31 улс тус ангилалд багтаад байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний индексийн нэгдүгээр байранд Норвеги улс долоон жил дараалан орж байгаа бол Хойд Солонгос улс сүүлийн хоёр жил дараалан 180 орноос хамгийн бага оноо авч, 180 дугаарт бичигдсэн юм.
Сүүлийн үед хэвлэлийн эрх чөлөөтэй зэрэгцэн сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлыг мөн хөндөж ярих болсон. Он гарсаар сэтгүүл зүйн ажил үүргээ гүйцэтгэж яваад 12 сэтгүүлч амиа алдаж, 569 сэтгүүлч хоригдож байна. /Эх сурвалж: RSF/ 2023 оны хэвлэлийн эрх чөлөөний индекс нь хуурамч агуулга бүхий мэдээлэл хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж буйг тодотгосон болохыг RSF тайландаа дурдсан. Судалгаанд оролцсон 180 орноос 118 нь буюу гуравны хоёр нь хуурамч, суртал ухуулгын шинжтэй мэдээлэл тараахад гол төлөв улс төрчид оролцдог гэж мэдээлжээ.
-Ардчилсан улс хэрнээ хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухарсаар байна-
Монгол улс ардчилсан улс хэрнээ Хэвлэлийн эрх чөлөө сүүлийн найман жилд хязгаарлагдмал болж байгааг холбогдох мэргэжлийн хүмүүс онцлон хэлсээр байгаа билээ.
  • 2016 онд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 орноос 60 дугаар байрт /энэ нь өнгөрсөн 2015 оныхоос 6 байр ухарсан үзүүлэлт/,
  • 2017 онд  дэлхийн 180 орноос 69 дугаар байрт /энэ нь өнгөрсөн 2016 оныхоос 9 байр ухарсан үзүүлэлт/
  • 2018 онд  дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өнгөрсөн 2017 оныхоос 2 байр ухарсан үзүүлэлт/
  • 2019 онд  дэлхийн 180 орноос 70 дугаар байрт /энэ нь өнгөрсөн 2018 оныхоос 1 байр урагшилсан үзүүлэлт/
  • 2020 онд  дэлхийн 180 орноос 73 дугаар байрт /энэ нь өнгөрсөн 2019 оныхоос 3 байр ухарсан үзүүлэлт/
  • 2021 онд  дэлхийн 180 орноос 68 дугаар байрт /энэ нь өнгөрсөн 2020 оныхоос 5 байр урагшилсан үзүүлэлт/
  • 2022 онд  дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өнгөрсөн 2021 оныхоос 22 байр ухарсан үзүүлэлт/
  • 2023 онд  дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өнгөрсөн 2022 оныхоос 2 байр урагшлав/
-Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг эрүүгийн хуулиар боомилж байна-
Сүүлийн жилүүдэд хуулиар халхавчилж нийтийн мэдэх эрхийг хясан боогдуулах тохиолдлууд их гарах болсон. Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргахад хянадаг өөрийн зохицуулалтын байгууллага буюу Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хороо гэж бий. Гэтэл хуулиар далайлгаж сэтгүүлчдийн эрхэнд халдаж байгаа нь ардчиллын зарчимд халдаж байгаа төдийгүй хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухрахад нөлөөлж байгаа юм.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:  Манай МСНЭ-ийн хувьд анхаарах ёстой онцлог нэг асуудал байна. Тэр нь юу гэхээр Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл заалтаар олон сэтгүүлч шоронгийн хаалга татахад хүрээд байгаа явдал юм. Тухайлбал, 20 орчим сэтгүүлч ийм асуудалд холбогдоод байна. Нэг редакцад гэхэд хүн гүтгэсэн гэдэг заалтаар 10-аад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байх жишээтэй. Үүнээс дүгнэхэд, сэтгүүлчдэд хамгаалалт байхгүй болжээ. Сэтгүүлчийг барьж хорьдог, гэрийн хорионд оруулдаг, хэвлэн нийтлэх эрхийг нь боомилдог үйлдэл хэрээс хэтэрлээ.
Сэтгүүлчид улс төрч, өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын зүй бус үйлдлийг шүүмжилж, сэтгүүлчийнхээ ажлыг хийснийх нь төлөө ийнхүү эрүүгийн хуулиар яллагдагч болчихоод шалгагдаж байна. Бид салбараараа тэмцэхгүй бол болохоо больчихож. Энэ өдөр хэдүүлээ тэмцлийн алхам хийхгүй бол болохоо больж байна.
Тиймээс “Монголын хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” гэсэн уриан дор бүх сэтгүүлчдийн цуглааныг зохион байгуулж байна. Энэ асуудлаар Олон улсын сэтгүүлчдийн холбоонд гишүүн байгууллагын хувьд хандаж үзлээ. ОУСХ-ноос зөвлөмж өгөхийг, тухайн асуудлаар шинжээч томилж өгөхийг хүссэн санал тавьсан юм. Бидний хүсэлтэд нааштай хариу илгээж, албан тоот ирүүлсэн байгаа. Үүнийгээ танилцуулна. Төр, засгийнхан өөрсдөдөө хэрэгтэй хуулиа л баталдаг. Үнэндээ зөвхөн Эрүүгийн хуулийн 13,14 дүгээр зүйл заалтаар зогсохгүй Хэмнэлтийн тухай хууль, Нууцын тухай хууль зэрэг 10 гаруй хуульд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг боомилсон заалт байна. Энэ бүхнийг эсэргүүцэж, сэтгүүлчдэд ээлтэй хууль батлуулахаар гарын үсэг зурахыг иргэд болон улс төрийн намуудад уриалж байна. Энэ асуудлаар Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна.
 
Хэвлэлийн эрх чөлөө хэнийх вэ?
Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн. Энэ бол 1948 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолоос авсан эшлэл юм. Та төр нь ИРГЭНДЭЭ үйлчилдэг ардчилсан нийгэмд амьдарч байна.  Хэвлэлийн эрх чөлөөгүйгээр ардчилал байх боломжгүй. Асуудал нэгэнт үүссэн байвал тэр нь олон нийтэд ил тод байх ёстой болохоор хуримтлагдаж буй болсон зөрчил, маргааныг хэвлэлийн эрх чөлөөгүйгээр шийдэх аргагүй... Энэ бол ХБНГУ-ын канцлер асан Герхард Шрейдерийн өгсөн тодорхойлолт.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn