Ерөнхийлөгчийн хэтийдсэн санаачилга: Монголчууд "хонь" биш

558
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой, ажлын цаг дууссан хойно ард түмэндээ бас нэгэн гэнэтийн “бэлэг” барив. Тэрээр удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санаачилга гаргажээ. Сонгуулийн зардлыг хэмнэж, хэмнэсэн мөнгөө коронавирусын эсрэг тэмцэлд зориулья хэмээв. Өнгөц харахад зөв зүйтэй мэт харагдаж болох ч үр дүн цар тахлаас ч илүү хүндээр тусч мэднэ.
Сонгуулийн тухай хуулийн Тавдугаар зүйлд “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” (5.5), Есдүгээр зүйлд зөвхөн “Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 25-р зүйлд заасан “онцгой нөхцөл байдал” үүсвэл ээлжит сонгуулийг хойшлуулах шийдвэрийг зөвхөн УИХ гаргана гэсэн үг. Ерөнхийлөгч биш.
Харин Үндсэн хуульд заасан “онцгой нөхцөл байдал” гэдэгт нь,
-Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон (25.2.1),
-Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон (25.2.2),
-Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарласан (25.2.3 )зэргийг нэрлэсэн байна.
Гэвч аз болоход Монгол Улсад эдгээр нөхцөл байдлын аль нь ч бий болоогүй байна, одоохондоо. Бас битгий бий болоосой ч гэж залбирч байна. Гэвч бий болохыг хүсч мөрөөддөг зарим нэг хүн байдаг эсэхийг хэн мэдлээ. Харин манай Ерөнхийлөгчийн олж мэдсэнээр судлаач шинжээчид “2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж, дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэлсэн” учраас,
Мөн түүнчлэн “нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай” учраас, 
Хамгийн гол нь “Коронавирусын эсрэг арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй” учраас,
Дээр нь нэрмээд “Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй том том мөнгөн амлалт өгч байгаа нь цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж” учраас УИХ-ын ээлжит сонгуулийн хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Товчхондоо, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, амлалт нь улсаа сүйрүүлэх хэмжээнд очсон учраас УИХ-ын сонгуулийг хойшлуулах ёстой гэж байна.
Ер нь бол коронавирусын халдварын улмаас дэлхийн болон түүний дотор манай улсын эдийн засагт бодитой хор хохирол нүүрлэж байгаа нь үнэн. Түүнийг даван туулахын тулд улс орнууд бүх хүчээ дайчилж байгаа, Монгол Улсын хувьд ч ийм шаардлага байгаа нь үнэн.
Гэхдээ үүний тулд УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, улс төрийн намуудын оролцоо, сонгогчдын сонгох эрхийг хязгаарлаж болохгүй. Тэр тусмаа хууль тогтоох байгууллагад хуулиар олгогдсон эрх мэдлийг Х.Баттулга гэдэг хүн ганцаараа булааж аваад, өмнөөс нь шийдвэр гаргаж бүр болохгүй. Бүх зүйл эрэмбэ дараатай, цаг хугацаатай.
Үнэхээр коронавирусын халдвар Монгол Улсыг бүхэлд нь хамарч, “хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц” хэмжээнд хүрвэл онц байдал зарлах эрх нь Ерөнхийлөгчид бий. Тэгсэн тохиолдолд УИХ нь шийдвэрээ гаргаад сонгуулиа хойшлуулсан ч болно.
Харин түүнээс наана олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, илүү хямралт байдал руу хөтлөх иймэрхүү санал санаачилга гаргах нь төрийн тэргүүний хийх ажил лав биш.
Сонгуулийн зардлыг хэмнэх тухайд өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуулийн зардалд 16,4 тэрбум төгрөг л баталсан юм байна. Гэхдээ тэр үед УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг дор явуулдаг хуультай байлаа. Харин энэ удаад УИХ-ын сонгуулийг дангаар нь явуулах учраас өмнө баталж байсан сонгуулийн зардлаас лав давж гарахгүй. Товчхондоо өнгөрсөн хугацаанд коронавирусын эсрэг зарцуулсан хөрөнгө, мөнгөний хажууд өчүүхэн бага зардал. Тэгэхээр асуудлын гол нь “хэмнэх”-дээ биш байх.
Харин ч “чоно борооноор” гэдэг шиг хямралт байдлыг далимдуулан эрх мэдлийг гартаа авах, эдийн засагт нүүрлээд байгаа хямралыг улс төрийн хямрал болгож, түүгээр дамжуулан ганц хүний засаглал тогтоох гэсэн увайгүй оролдлого шиг л харагдаад байна.
Эцэст нь хэлэхэд монголчууд “хонь” биш шүү, Ерөнхийлөгч өө. Харин сайн хөршийн найрсаг зангаар Хятадын ард түмэнд амласан 30 түмэн хонио нэр баасталгүй өгчихөөрэй. Ард түмэн чинь өгч байгаа юм. Монголчууд хотондоо хоньтой ард түмэн болохоос өөрсдөө хонь болчихоогүй байна.

Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn