Владимир Путин төрийн эрхэнд үлдэх замаа засаж байна
ОХУ-ын Парламентын доод танхим буюу Төрийн Думын гишүүд "Нэгдсэн Орос" намаас сонгогдсон хууль тогтоогч Валентина Терешковагийн санаачилсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тоонд тавьсан хязгаарлалтыг чөлөөлөх талаар Үндсэнд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж баталлаа.
Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан болон хашиж буй хүн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн тоо харгалзахгүйгээр дахин Төрийн тэргүүн болох боломж бүрдэж байна. Энэхүү нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тооны хязгаарыг чөлөөлж байсан туршлага өмнө нь байгаагүйг дурдаад, ийм нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар болбол Үндсэн хуулийн шүүхээр хэлэлцүүлэх ёстой гэжээ.
Ажиглагчид Владимир Путинийг 2024 онд одоогийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар үргэлжлүүлэн Төрийн эрхэнд байх нөхцөлөө бүрдүүлж, 2036 он хүртэл Ерөнхийлөгчөөр үлдэх боломжтой болох нь гэж үзэж байна.
Дээр дурдсан нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдэлж дуусмагц бүрэн эрх эдэлсэн тоог нь тэглэх заалт тусгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо үйлчилж байгаа нэг хүн дээд тал нь хоёр удаа бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн заалтыг өөрчилнө гэсэн ажээ.
Өдгөө 67 настай Владимир Путин 2000-2008 он, мөн 2012 оноос одоо хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэрээр ОХУ-ын түүхэнд Сталинаас хойш хамгийн урт хугацаанд Төр барьсан улс төрч болоод байгаа юм. Цаашдаа үргэлжлүүлэн Ерөнхийлөгч байх эрх зүйн боломж нь бүрдвэл ЗХУ-ын үед удирдагчид насан эцэс болтлоо Төр удирддаг байсан жишиг эргэн сэргэж байгаагаас ялгаагүй зүйл болно гэж үзэх хүмүүс байна. Владимир Путинд энэ эрхийг олгох эсэх талаар буюу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үгүйг шийдэх бүх нийтийн санал асуулга дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болох юм байна.
М.Золбоо
Эх сурвалж: Bloomberg.mn