ХӨВСГӨЛ: Даян дээрхийг зорих иргэдийн тоо эрс нэмэгджээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд зүүнээс нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг.
Даян дээрхийн агуйг сар шинийн 15-ны дотор зорин ирж Даян дээрхийн авралд багтсан хэн бүхэн гурван жилдээ барцад, нүглээ гөвж, ивээлд нь оршдог гэж бэлгэшээдэг учраас Монгол орны өнцөг булан бүрээс иргэд зорин ирдэг болжээ. Луу жил гарснаас хойшөдөрт 50-70 гаруй тээврийн хэрэгсэлтэй 400 орчим иргэн зорин ирж байна.
Даян дээрх агуйн тухай домог өгүүлбээс:
“Эрт урьд цагт эзэн Чингис хаан аян дайнд явж ирээд их найр хийж гэнэ.
Тэр найрт их хөвчөөр нутагтай, Даян дээрх нэртэй баатар эр оролцож, эзэн хааны бага хатны үзэсгэлэнтэй сайхныг нь бишрэн харж байгаад, найр наадам хэвийх үед бага хатныг нь аван зугтжээ.
Хаан наадам дээрээс бага хатныг нь аван зугтсаныг мэдээд араас нь хөөжээ.
Ой хөвчөөр дамжин зугтаж, гүйцэгдэхийн үед хатныг нэгэн агуйд нууж, Даян дээрх өөрөө эгэлгүй нэгэн шидтэн байсан тул агуйн үүдэнд улаан чулуу болон хувирчээ.
Чингис хаан гүйцэж очоод, уурандаа тэрхүү улаан чулууг цавчсан боловч сэлмийн ир нь халтирч далий цавчигджээ.
Даян дээрх олон жилийн туршид уг агуйдаа булаан авсан бүсгүйн хамт амьдарч, тэр хавийн уул, ус, нутаг орны эзэн болсон гэнэ.
Ийм учраас тэр онгон дагшин нутагт амьдардаг бүхий л хүн мал элбэг дэлбэг, тэнүүн сайхан амьдарсаар ирсэн бөгөөд нутгийн иргэд дээрх чулуун, агуйг Даян дээрхийн нэрээр нэрлэж, тахин шүтсээр ирсэн” гэж өгүүлдэг ажээ.