13 орны эрдэмтэн судлаач тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх шийдлийг хэлэлцэж байна

Тарваган тахал өвчний эсрэг “Yersinia” хэмээх 15 дахь удаагийн олон улсын симпозиумыг манай улсад энэ сарын 15-16-нд зохион байгуулж байна. Уг симпозиум нь Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахал өвчний эсрэг хэрэгжүүлэх сайн туршлага, үр дүнтэй гарц шийдлүүдийг салбарын мэргэжилтнүүд хамтран хэлэлцэх зорилготой юм. Учир нь сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах өвчин эрчимтэй нэмэгдэж буй гэнэ. Тодруулбал, ДЭМБаас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалтад тарваган тахлаас гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин багтжээ.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте “Тарваган тахал хүнээс хүнд халдварласан тохиолдолд цар тахал үүсгэх эрсдэлтэй. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу хариу арга хэмжээ авах чадавхаа тогтмол сайжруулах нь чухал. ДЭМБ-аас тарваган тахал болон зоонозын бусад халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, оношлох, хариу арга хэмжээ авахад үргэлж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Цаашид ч энэ чиглэлээр Монгол Улсад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана” гэсэн юм. Тарваган тахал нь Монгол төдийгүй дэлхийн 38 улсад байнга бүртгэгддэг учраас үүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч, цар тахлын хэмжээнд хүргэхгүй байх нь улс бүрийн туйлын зорилго байдаг аж. Тиймээс энэ удаагийн тус симпозиумд дөрвөн тивийн 13 орны 67 эрдэмтэн, судлаач оролцож, туршлага солилцон, шинэ гарц шийдэл эрэлхийлж байна.
У.Цэцэг
https://www.unuudur.mn/a/277666