ХӨВСГӨЛ: Түүх соёлын 8623 дурсгал тоологдож, 8 буган хөшөөг шинээр илрүүлжээ
Хөвсгөл аймагт Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого болж 24 сумын нутаг дэвсгэрт хээрийн үзлэг судалгаанд 8623 дурсгал тоологджээ. Энэ үеэр Их-Уул суманд 8 буган хөшөөг шинээр илрүүлж, нутгийн малчидтай хамтран доктор Ж.Баярсайхан зарим хөшөөг босгосон байна.
Тус аймгийн ИТХ-ын тогтоолоор нутгийн хэл соёл, орон нутгийн онцлог бүхий дахин давтагдашгүй соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэх, соёлын үл хөдлөх дурсгалын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор “Иргэдийн оролцоонд тулгуурласан өв хамгаалал” хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг хамгаалуулахаар 80 гаруй малчинтай гуравласан гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Хөвсгөл аймагт улсын хамгаалалтад орших 8 дурсгалаас Арбулаг сумын Эрчүү хотын туурь, Галт сумын Бартад бригадын буган чулуун цогцолбор, Төмөрбулаг сумыг Зуны голын буган чулуун хөшөөн цогцолбор, Цагаан-Уул сумын Бор хужрын буган хөшөөн цогцолбор, Хөшөөтийн дэнжийн цогцолборын буган хөшөөг хамгаалуулахаар тухайн дурсгалуудын ойролцоо нутагладаг малчидтай гэрээ байгуулсан байна.