Дахиж л битгий ард түмэн рүүгээ допингоор нулимаарай даа, бөхчүүд минь

334

“Нисэх” нь холгүй болтлоо допингоор “бөмбөгдүүлсэн” хэдэн бөх хөлсөө гоожуулан таахалзсаар бөхөд хайртай ард түмнийхээ урмыг нь хугалж, сэтгэлийг нь гонсойлгож дууслаа. Хаа хүрсэн газарт нь хоймортоо залж, идээ, ундааныхаа дээдийг барьдаг ард түмэн рүүгээ допингоор “хариу барьдаг” болжээ. “Дотортой эр, жудагтай бөх” хэмээн магтан, дуулан ярьдаг бөхөд элэгтэй монголчууд минь өр рүүгээ “өшиглүүлсээр” таарлаа даа.

-БӨХӨД ХАЙРТАЙ АРД ТҮМЭН ДОПИНГТОЙ БӨХЧҮҮДИЙГ ЭРХЛҮҮЛЖ, ӨӨГШҮҮЛЖ БАЙНА-

Үндэсний бөх дотор допингийн хэрэг гаарлаа. Бүр улсын баяр наадамд зодоглосон бөхийн шинжилгээнээс сэргээш илрэхээр ирэх жил нь “Эр нэг алдаж, эрэг нэг нураа биз” гээд толгойг нь илээд барилдуулчихна. Гэтэл уйлан хайлан байж дахин барилдахаар болсон бөх нь дахиад л допингийнхоо шинжилгээ “өвдөг шороодож” байгаа юм.
Уншигч та бүхний санаж байгаагаар 2002 оны үед дархан аварга А.Сүхбат допингийн хэрэгт нэр холбогдсоноос хойш бөхчүүд жил болгон л чих халууцуулдаг болов. Аварга Г.Эрхэмбаяраас эхлүүлээд арслан Х.Мөнхбаатар, гарьд Д.Рагчаа, заан Д.Мягмарсүрэн зэрэг улсын өндөр цолтой бөх жил дараалан сэргээшийн шинжилгээндээ бүдэрсэн байдаг.

-ДОПИНГТОЙ БӨХӨӨС НЬ ХУРААСАН ЦОЛ, ЧИМГЭЭ ДОПИНГТОЙ БӨХӨД НӨХӨН ОЛГОВ-

Допингдоо бүдэрсэн бөх нь “уйлж”, “майлан” хэвлэлийн хурал хийгээд ард түмнээс “цагаатгал” хүртдэг болов. 2019 оны Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зодоглосон гурван ч бөхийн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарч байв. Тухайлбал, одоогийн даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших харцагаас илэрсэн юм. Нэр цохсон гурван бөхөөс арай том цолтой нь гэсэн дээ Н.Батсуурь “шийр” зааж, шинжилгээнээс нь допинг илэрснийг хүлээн зөвшөөрч, хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ “Гэмтэлтэй байсан учраас эм хэрэглэсэн. 400-хан төгрөгийн үнэтэй допингод бүдэрчихлээ” гээд камерын өмнө нь бөхийж, бөхөд хайртай монголчуудынхаа өрөвч сэтгэлд “цагаатгагдчихсан” түүх ч бий. Энэ мэтээр сэргээшийн шинжилгээндээ бүдэрсэн балгаа дарж, “амь мултарсан” арга олон.
Мөн Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зодоглосон Э.Оюунболд, Д.Цэрэнтогтохын шинжилгээнээс допинг илэрсэн байдаг. Э.Оюунболд ч “гүрийж” гүйсээр өнгөрсөн онд гурван тэгш ойд зориулсан 512 бөхийн барилдаанд сайн дураараа шинжилгээ өгч, “Давахгүй гэсэн даваагаа хоёр давдаг”-ийн үлгэрээр дахин бүдэрч, цол, чимгээ хураалгаж, барилдах эрхээ хасуулаад байв. Хамгийн сонирхолтой нь, Э.Оюунболдын цол, чимгийг хураахдаа мөн л допингийн хэрэгт нэр холбогдож, өөрөө хүлээн зөвшөөрсөн Н.Батсуурьт цолыг нь нөхөн олгосон юм.

-ҮНДЭСНИЙ БӨХ ДОПИНГОД “ЖИВЛЭЭ”-

Сэргээшийн шинжилгээнд хоёронтоо бүдэрсэн Э.Оюунболд энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны сорилгод оролцлоо. Барилдаан эд өрнөж байх үеэр Э.Оюунболдын барилдах эсэх асуудлыг тойрсон бөөн “хэрүүл” дундаас мань эр барилдаандаа үзүүрлэж, бултасхийгээд сураг “тасрав”.
                    Сүүлдээ бүр допинг бөхчүүдийн дунд ус, ундаа шиг болж байгаа аятай. Өнгөрсөн жил допингод бүдэрсэн дөрвөн бөхийн хоёр нь аймаг, сумын цолтой байсныг санууштай. Допингийн шинжилгээндээ бүдэрсэн бөхийн дуулиан хэсэг шуураад л нам жим болдог нь харамсалтай. Тэр болгонд нь “молигодуулсаар” сурсан бөхөд хайртай монголчууд хөөрхий...
Энэ жил Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт “бай”-гаа онож чадвал допингод нэр холбогдсон бөхөд улсын өндөр цол, чимэг өгөөд “муриулчихгүй” байлтай. Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмын бөхийн барилдааны сэргээшийн шинжилгээг цагдаа, тагнуулын байгууллага, хөндлөнгийн хяналт дор авах талаар албаны мэдээлэл бий. Мөн баяр наадамд Ерөнхийлөгчийн зарлигаар олгох цолыг сэргээш хэрэглэсэн нь нотлогдвол Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө 14 хоногийн дотор зарлигтаа өөрчлөлт оруулж, цолыг нь хураах, дараагийн бөхөд нөхөн олгох боломжтой болсон. Монгол үндэсний бөхийг “мөхөл” рүү түлхэж байгаа допинг энэ жилийн наадамд л битгий бөхчүүдийг маань “даваасай”.

https://ergelt.mn/news/44/single/22787
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn