Алга болсон иргэний эхнэр: Нөхөр, хүргэн хоёр маань баярын ширээний хүнс аваад, гэр рүүгээ ирэх замдаа алга болчихлоо
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багт мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны өдрийн 21:29 цагт Онцгой байдлын газар хүлээн авч, эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Бид алга болсон хоёр эрэгтэйн ар гэр рүү холбогдож, эрлийн ажиллагааны талаар тодрууллаа.
Тэрбээр “Нөхөр, хүргэн хоёр минь Март-8-ны өглөө баярын ширээ засах, идэж уух юм авахаар сумын төв рүү явсан. Хүргэнийх маань манай гэрээс холгүйхэн амьдардаг юм. Тэгээд тэднийхийг хань татаж, хамт сундалдаад явсан юм билээ. Сумын төв рүү орж, дэлгүүрээс ойр зуурын хүнс аваад, гэр рүүгээ гарсан байна лээ. Голын цаана байрлах айлд ирээд, хэсэг сууж байгаад гэр рүүгээ явлаа гээд гарсан гэсэн. Тэдний гарснаас хойш айлын хүн манайд ирсэн. “Гэртээ ирээгүй юм уу, цагийн өмнө гарсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд л хайж эхэлсэн боловч олдоогүй. Сумын төв рүү хэл дуулгаж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Голын мөс цөмөрч унасан болов уу гэсэн таамагтайгаар хайж байна. Гэхдээ яг гол руу орсон мөр олдохгүй байгаа. Голын эрэг дээр ирээд шарвасан мөр нь байгаа. Хүрээд ирэх болов уу гэж дөрвөн хоног хүлээлээ. Яах учраа олохгүй л сууж байна. Айлаар ороод гарахдаа эрүүл явж байсан гэсэн.