Ч.НЯМДАВАА: Хөвсгөл аймаг хоёр дахь Цагаан хад болчихоод байна

313

"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас Хөвсгөл аймгийн нэр бүхий удирдлагууд болон “Могойн гол” ХК-ийг нүүрсний хулгайн асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт өгч буй талаар мэдээлэл хийлээ. 
Энэ талаар "Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Нямдаваа хэлэхдээ "Хөвсгөл аймаг уул уурхайгаас ангид байж, аж ахуйн, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд  аймгийн ард иргэд онцгой анхаарч ирсэн. Нийт нутгийг 2019 оноос орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны аймгийн ИТХ-ын тогтоолоор “Могойн гол” ХК-ийн уурхайгаас экспортын нүүрс тээвэрлэлт хийх борлуулалтыг хориглосон байдаг юм. 
Гэтэл 2021 оноос тус компани нүүрс тээвэрлэж эхэлсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар экспортын нүүрс тээвэрлэлтийг зогсоохоор захирамжилсан ч 2023 он гартал уг хориглосон захирамжийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй.
Тодруулбал Хөвсгөлд өдөрт 150-аас их машин цуваа үүсгэж, ямар ч хараа хяналтгүйгээр дуртай замаараа тээвэр хийж, байгаль орчин, хүний эрүүл мэнд, зам гүүрэнд ноцтой хохирол учруулж байна. Иймд,
  • Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан
  • Хөвсгөл аймгийн ИТХ-ын хурлын дарга Г.Мөнгөнхуяг
  • Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Түмэнбаяр
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Мөнхжаргал
  • Авто тээврийн төвийн дарга Баттулга
  • "Могойн гол" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батхүү зэрэг хүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгосон. Мөн улсад их хэмжээний хохирол үүсгэсэн байж болох зэрэг хуулийн үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлтээ өгч байна.
Дээрээс нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдад шаардлага хүргүүлж байгаа.
Мөн “Аспайр майнинг” компани гэх компани хайгуулын ажлаа Хөвсгөлд эхлүүлчихсэн. Энэ нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн компани юм. Тиймээс энэ хүнийг шалгуулах хүсэлтээ удахгүй АТГ-т өгнө.
Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын тулгуур төв гэж явдаг. Хөвсгөл аймаг хоёр дахь Цагаан хад болчихоод байна. Нүүрс тээврийн машинууд хүнд даацын машин явах ёсгүй замаар явдаг. Хөвсгөлийн ард иргэд үүнд их гомдолтой байгаагаа илэрхийлдэг" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn