Хөвсгөл аймаг дахь аялал жуулчлалын салбарыг цахимжуулна
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон.
Энэ хүрээнд Хөвсгөл аймаг 2023 онд аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны хүрээнд аймгийн болон сумдын онцлогт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрөлжүүлэх, аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоод сурталчилгааг идэвхжүүлэхээр зорин ажиллаж байна гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдээллээ.
“Хөвсгөлд зочлох жил”-ийн нээлт Хөвсгөл нуурын эрэг дэх Тойлогт жуулчны баазад болж, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан оролцлоо. Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Аялал жуулчлалын тэргүүлэх платформ болох iTrip ХХК-ийн төслийн зохицуулагч М.Дархижав, Монголын Гастроном аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Ө.Мөнхсайхан нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймагт ирэх жуулчдад зориулан үндэсний хоолны цэсийг шинэчлэх, аялал жуулчлалын оролцогч талуудын бүх мэдээллийг цахим платформд нэгтгэж, жуулчдад цахимаар захиалга өгч, төлбөр тооцоо хийх үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэх аж.
Хөвсгөл аймаг 2 дугаар сард Цас-цааны баяр, 3 дугаар сард “Хөх сувд” мөсний баяр, 5 дугаар сард Даль цэцгийн баяр, 7 дугаар сард Сарлаг наадам, Монгол бөхийн баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.