Х.Нямбаатар: Цагдаа хэргийн нууц задруулсан асуудлыг шалгаж мэдээлнэ
Өнгөрөгч пүрэв гаригт цагдаагийн байгууллагаас саатуулсан МУГТ Б.Наранбаатар, BRB компанийн захирал Ж.Энхжаргалан нарын долоон иргэний хувийн мэдээллийг цагдаагийн алба хаагчид хэвлэл мэдээллээр задруулсан, нотлогдоогүй хэргийг нотолсон мэтээр мэдээлсэн явдал олон нийтийн дунд томоохон шуугиан тариад байгаа билээ.
Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариуцжээ. Ингэхдээ, "Сэтгүүлчид өөрсдөө мэдээллийг хамгийн түрүүнд олж авдаг. Яаж авдгийг нь би огт мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилладаг нэр бүхий ажилтнууд байдаг гэхээр нь албаны шалгалт явуулж үзсэн. Тогтоогдоогүй. Одоо яригдаж байгаа асуудал дээр ч гэсэн шалгалтын ажиллагаа явуулна. Тэгсний дараа та бүхэнд эргээд мэдээлна. П.Сайнзориг (Төрийн нарийн бичгийн дарга) бид хоёр Нууцын тухай хуулиар гарын үсэг зурж авдаг тодорхой цөөхөн хэдэн нууцын материал байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээлэл манайд байдаггүй" гэжээ.