"Бэлтэс мөрөн"-гийн луйвраас болж Хөвсгөлд бэлэн мөнгөний эргэлт зогсож, зарим дэлгүүр хаалгаа барьж, хүмүүс майханд амьдрахдаа тулж байна

377

Хөвсгөл аймагт иргэдээс их хэмжээний мөнгө төвлөрүүлж, улмаар 2,000 гаруй хүнийг залилан мэхэлсэн гэмт хэрэг гараад буй.
Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас албан ёсны мэдээлэл хийхдээ "Мөрдөн шалгах ажиллагааны явцад "Бэлтэс мөрөн" компани нийт 13,000 иргэнээс мөнгө татаж, 2,549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон” хэмээн хэлсэн.
Тэгвэл хохирогчдын төлөөлөл "Энэ бол хүмүүсийн зовлон дээр тоглосон гэмт хэрэг. Уг мөнгө угаалтаас үүдэн Хөвсгөл аймгийн 2,000 гаруй иргэн 300 орчим тэрбум төгрөгөөр хохирсон.
Эдгээр хохирсон иргэний цаана яаралтай эмчилгээ хийлгэх ёстой ч хагалгаандаа орж чадалгүй амь насаа алдсан хүн ч бий. Хүүхдийнхээ сургуулийг завсардуулж, орон байраа зараад майханд амьдарч байгаа хүмүүсийн өргөдөл ч байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай ч мөнгө нь хүрэхгүй болохоор хэдэн төгрөгөө өсгөөд эмчилгээнд оръё гэж олон саяар нь алдсан иргэн ч бий" гэдгийг хэлж байсан.
Дээрх хууль бус үйл ажиллагааг сэрэмжлүүлэх зорилгоор өмнө нь (2022.03.07) манай редакцаас Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Базараас тодруулга авч, олон нийтэд хүргэж байв. Тэрбээр “Аймгийн иргэд хэдэн ₮10 тэрбумаар яригдах хөрөнгөө алдах эрсдэлийг үл тоож байна. “Бэлтэс мөрөн” компани нэг айхавтар заалтыг гэрээндээ тусгасан. Тиймээс энэ заалттай холбоотойгоор тухайн байгууллагын дотоод ажил, данс зэргийг шалгах боломжгүй болсон.
Тодруулбал, гэрээнийхээ хариуцлага хэсэгт, бидний үйл ажиллагаа төрөөс шалтгаалж доголдож, зогсож, өөр асуудал үүсвэл хариуцлагыг нь бид хүлээхгүй гэсэн утгатай. Тухайн нэр бүхий байгууллагыг хянавал үйл ажиллагаагаа шууд зогсооно гэсэн агуулгатай. Хэрэв ийм нөхцөл үүсвэл аймгийн олон зуун иргэн эд мөнгөөр хохирч үлдэх эрсдэл өндөр болно. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс ямарваа байдлаар оролцвол энэ их хохирлыг бид хариуцахгүй гэж гэрээндээ тусгасан.
Хэдийгээр энэ үйл ажиллагаа нь иргэдийг хохироох аюултай гэж анхааруулга хүргэсэн ч эргээд иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Төрөөс ард иргэдийнхээ амьдралыг дэмжиж чадахгүй байж, тус дэмтэй үйл ажиллагааг хааж боож, хорьж байна гэх байдлаар иргэд эсэргүүцдэг" хэмээн хэлж байв. 
ХӨВСГӨЛ АЙМАГТ ХУДАЛДАА НАЙМАА ЗОГСОЖ, ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД ҮР ХҮҮХДИЙНХЭЭРЭЭ АРГАЦААСАН, ОРОН ГЭРГҮЙ ХҮМҮҮС ИХ БОЛСОН
Хөвсгөлийн 2,000 гаруй иргэнийг хохироосон энэхүү гэмт хэргийн улмаас аймгийн хэмжээнд маш хүнд нөхцөл үүсэж, бэлэн мөнгөний эргэлт зогсож буй талаар хохирогчдын төлөөлөл хэлж байна.Дээрх хууль бус үйл ажиллагааг явуулахдаа тэтгэврийн насныхан, халамж, группийн мөнгө хүртдэг нийгмийн эмзэг бүлэгт боломж олгоно гэх нэрийдлээр ядарсан иргэдийг улам амьдрах чадваргүй болтол туйлдуулсан гэдгийг хохирогч Н.А (нэрээ нууцлахыг хүсэв) хэлсэн юм. 
47 сая төгрөгөөр хохирсон иргэн Н.А "Манай гэр бүл анх удаа өөрт байгаа бүх мөнгөө шавхаж өгөөд хохирсон. Нөхрийн маань биеийн байдал одоо маш муу байна. Гэр бүлийн хүн маань хоёр удаа элгээ тайруулсан, уушгиндаа үсэрхийлсэн хавдартай учраас байнга химийн эмчилгээнд ордог. Өдөрт нэг удаа химийн эмчилгээнд авч явах шаардлагатай болдог. Эмчилгээний ганц эм нь 850,000 төгрөгийн үнэтэй. Гэтэл одоо хамаг мөнгөө алдаад химийн эмчилгээнд нь оруулж чадахгүй явна. Зөвхөн уух эмийг нь л аргацааж байна. 
Тухайн үед Бэлтэс мөрөн компанид итгэж нөхрийнхөө нэр дээр 30 сая, дахиад ээжийнхээ дүүгийн нэр дээр 10 сая, ээжийнхээ нэр дээр долоон сая төгрөг хийгээд хохирсон. Нөхрийнхөө эмчилгээнд нэмэрлэе гэж бодсон ч хамаг мөнгөө алдаад одоо эмчилгээнд нь оруулж чадахгүй явна. Манай гэр бүл жижигхэн хувийн бизнес эрхэлдэг. Одоо бизнесээ хөдөлгөж ч чадахгүй болчихоод арга барагдаад байна. Ганц удаа хамаг мөнгөө шавхаж хийгээд л байхгүй болчихлоо.Миний ээж тэтгэврийн 5.6 сая төгрөгийн зээл авч, нийт долоон сая болгоод "Бэлтэс мөрөн" компанийн дансанд хийсэн. Одоо тэтгэврийн мөнгөгүй, үр хүүхдээсээ гуйлга гуйж амьдарч байна.Хоногийнхоо хоолыг үр хүүхдээсээ зээлж аргацааж байна. Өвлийн хүйтэн улирал ирлээ. Хөгшин настай ээж минь хэцүү байна. Нөхөр маань үсэрхийлсэн хавдартай, байнга химийн эмчилгээнд орох шаардлагатай ч эмчилгээгээ хийлгэж чадахгүй байдаг. Уйлаад суугаад байлтай биш амьд хүн юм чинь эмчилгээндээ орохыг л бодно шүү дээ" гэлээ. 
Мөн тэрбээр "Хөвсгөл аймагт одоо худалдаа наймаа зогсож байна.
Худалдаа, түгээлт борлуулалтаа хийгээд аль ч суманд очиход бүх дэлгүүр "Бэлтэс мөрөнд" мөнгөө алдсан байна.
Бэлэн мөнгөний эргэлт Хөвсгөл аймагт огт байхгүй болсон. Зээлээс зээлийн хооронд үр хүүхдийнхээрээ аргацаасан, орон гэргүй хүмүүс их болсон. "Бэлтэс мөрөн"-д бүх мөнгөө хийж өсгөөд орон байраа томруулаад авчихъя гэж өөр айлд амьдарч байсан хүмүүс ч бий. Нөгөө айлын хүмүүс нь "Бэлтэс мөрөн" дампуурлаа гэдгийг сонсоод энэ айлынхан манай гэрээс гарахаа байчихвал яана аа гэсэн бодлоор харьцаад орох орон, ойчих аягагүй хэдэн хүүхдээ хөтөлсөн хүмүүс их байна. Нэг байшин түрээслээд амьдаръя гэхээр мөнгө байхгүй, байгаа бүхнээ шавхаад залилуулсан хүмүүс чинь хэцүү. Энэ асуудалд төр засаг анхаарал тавимаар байна.
Энэ хэргээс болж зарим дэлгүүр, талхны үйлдвэр, хэрчсэн гурилын үйлдвэр шууд хаалгаа барьчихлаа.Жижиг бизнес хийж амьдардаг байсан хүмүүс бизнесээ зогсоосон. Манай нутгийнхан үнэхээр хүнд хэцүү нөхцөлд амьдарцгааж байна. Дээрээс нь "Бэлтэс мөрөн"-гийнхөн дандаа группийн, тэтгэврийн насны хүмүүст боломж олгоно гэж хэлээд нийгмийн эмзэг бүлгийнхнийг улам амьдрах чадваргүй болгочихлоо.Тухайн үед би аймгийн цагдаагийн газар руу хүртэл залгаж "Бэлтэс мөрөн гэдэг компани 30 хувиар иргэдийн мөнгийг өсгөж өгнө гэх юм. Энэ бодитой, хуулийн дагуу үйл ажиллагаа мөн үү" гэж асууж үзсэн. Гэтэл аймгийн цагдаагаас "Шалгалтаар ямар нэгэн хохирогч буюу "Бэлтэс мөрөн" компаниас гомдол нэхсэн мэдээлэл манайд ганц ч гарч ирээгүй" гэж хэлсэн. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Татварын алба тэр компаниас татвар аваад байж байсан. Татварын албанаас энэ байгууллага чинь хэвийн ашгийн байгууллага байна гээд татвар аваад байгаа биз дээ. Тэгэхээр иргэд итгэхгүй гээд яах юм бэ" гэлээ. 
БЭЛТЭС МӨРӨН ИХЭВЧЛЭН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ГРУППИЙН, ТЭТГЭВРИЙН БИДЭН ШИГ ХҮМҮҮСИЙГ ХОХИРООСОН  
9 сая төгрөгөөр хохирсон иргэн Д.Наранцэцэг "Өөрийнхөө тэтгэврийн 9 сая төгрөгийг жилээр нь зээлж аваад алдсан. Нөхөр бид хоёр хоёулаа тэтгэврийн зээлтэй. Одоо хүн хүнээс мөнгө зээлж л зээлээ төлж байна. Бид ч гэлтгүй аймгийн 2,500 гаруй иргэн хохирсон. Зарим нь гэр орноо зараад хэцүү амьдарч байна. Хөвсгөл аймагт нөхцөл байдал хүндхэн байгаа. "Бэлтгэс мөрөн"-гийнхөн ихэвчлэн тэтгэврийн, группийн бидэн шиг хүмүүсийг хохироосон.  
Миний жилийн тэтгэврийн зээл 8.9 сая байсан. Энэ мөнгөө өсгөж 10 сая болгоод нөхрийнхөө хагалгаа, эмчилгээнд зориулъя гэж бодсон. Гэтэл одоо 10 сая байтугай нэг төгрөг ч үгүй,  дээр нь тэтгэврийн зээлийн өртэй, тэрийгээ хүн хүнээс зээлж авч хийгээд л яахаа мэдэхгүй болсон хоёр хөгшин сууж байна.
Саяхан манай нөхөр түгжрэл болоод аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Долоо хоногт дөрвөн удаа хагалгаанд орж болохоо байгаад сүүлдээ ах дүүгээсээ өр зээл тавиад эмнэлэгт хэвтэж гарч ирлээ. Бид хоёр өнөөдөр л гэхэд эмээ аваад уух мөнгөгүй сууна.Өвгөн маань уг нь хот тохижилт үйлчилгээнд ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийж чадахаа байсан. 2015 оны арваннэгдүгээр сард анх хагалгаанд ороод үүнээс хойш долоо дахь удаагаа мэс засал хийлгэж байгаа. 
Нөхрийн маань хавдар үсэрхийлж, нарийн гэдсээ дараад түгжрэл үүссэн. Одоо нарийн гэдсээ гадагш нь гаргаад боолгосон байгаа. Тэрүүгээр байнгын идсэн уусан нь гарч байдаг. Ийм уут зүүгээд аргацааж байна. Дотроо таван ширхэгтэй жижигхэн уут авахад л 50,000 төгрөг болдог. Өөрсдөө худалдаж авч чадахгүй болохоор энд тэндээс зээл аваад л өгдөг. Одоо хэчнээн сая төгрөгийн өртэй болж байгаагаа ч мэдэхгүй гайхаад сууж байна. Болдог бол боож үхэх нь халаг болоод байна. Боогоод үхчихвэл нөхрийг минь харах хүн байхгүй. Манай хүний хорт хавдар дөрөвдүгээр шатандаа орсон гэж эмч хэлсэн. Одоо үнэхээр хэцүү байдалд орчихоод байна.
Уг нь хүмүүс Авлигатай Тэмцэх Газарт өргөдөл өгөөд байгаа гэхээр нь очсон. Тэгтэл өргөдлөө бичээд ир гэж хэлсэн. Өргөдлөө бичээд очсон чинь АТГ-ынхан бид нар өргөдлийг авахгүй. Та нар Д.Бямбаа гэдэг хүндээ өг, тэр хүн чинь та нартай холбогдож яриад байгаа гэсэн гээд явуулсан" хэмээн бодит нөхцөл байдлыг хэлэв.
Мөн үргэлжлүүлэн "Манай гэр бүл "Бэлтэс мөрөн"-д дөрөвдүгээр сарын эхээр мөнгө хийсэн. Тухайн үед Г.Пүрэвсүрэн гээд хүүхэдтэй нь уулзаад өөрийн биеэр "Би нөхрийгөө байнга эмчилгээнд авч явдаг юмаа. Бид хоёрын хувьд тэтгэврээс өөр орлогогүй, танайд хийхэд найдвартай юу" гэж асуусан.
Тэгэхэд "Найдвартай эгч, та зүгээр тэтгэврийнхээ зээлээ аваад бэлэн мөнгөө нааш нь авчраад өгчих. Манайх сарын дараа 30 хувийн хүү өсгөөд өгнө. Гол нь манайх хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэмж, тэтгэвэр авдаг яг та нар шиг амьдралын бэрхшээлтэй хүмүүсийн амьжиргааны түвшинг дээш татах зорилгоор орон нутгаасаа хүртэл зөвшөөрөл аваад ажиллаж байгаа. Манайх үйл ажиллагаа явуулаад жил гаруй болж байна. Хэрвээ хууль бус байсан бол орон нутаг, хуулийн байгууллагаас ч шууд зогсооно" гэж надад хэлэхээр нь итгэсэн" гэж ярилаа. 
ЗАРИМ ХҮМҮҮС ОРОН БАЙРАА БАРЬЦААЛЖ МӨНГӨ ӨГӨӨД ОДОО МАЙХАНД АМЬДРАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН
25 сая төгрөгөөр хохирсон иргэн Ц.Ч (нэрийг нь нууцлав) "Эхэндээ тэр компанид итгэж мөнгө хийгээгүй, жилийн турш явсан. Сүүлдээ "Бэлтэс мөрөн" компанийн хамгаалагчаас нь асуусан. Ингэхэд дотоод ажилд 2-3 удаа шалгалт орсон, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй гэж хэлсэн. Ингээд л итгэсэн.
Манай хүн ходоодны хавдартай. Энэ асуудлаас болж стресстээд бие нь бүр муудсан. Хавдартай хүн чинь сэтгэл зүйн хувь үнэхээр хэцүү юм байна. "Бэлтэс мөрөн"-д мөнгөө луйвардуулснаас болж биеийн байдал нь улам дордсон. Тухайн үед “Би өвчний мөр хөөсөн хүн юугаа мэдэх вэ, чи мэд“ гэж бид зөвлөлдөөд мөнгөө хийсэн байдаг. 25 сая төгрөг хийвэл 30 сая болгож өгнө гэж тэд хэлж байсан. Түүнчлэн эмзэг бүлгийн улсуудыг маш их хамруулж байсан. Анхнаасаа эрсдэлийн сантай, үүнийг гэрээндээ тусгасан гэж итгэмээр зүйлс их ярьсан. Хажууд байгаа айлууд ч мөнгө аваад байхаар нь боломжтой юм байна гэж бодсон.
Бид мөнгөө дөрөвдүгээр сарын 12-нд өгөөд тавдугаар сарын 16-нд авах ёстой байсан. Нэг сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тэгээд дөрөвдүгээр сарын 22-ноос мөрдөн байцаагчид ирээд шалгалт орж, бужигнаан үүсэж эхэлсэн.
Зарим хүн орон байраа барьцаалж мөнгө өгөөд одоо майханд амьдрах дээрээ тулж байгаа нь үнэн. Миний мэдэх хүн хашаа байшингаа барьцаалаад, машинаа зараад бүгдийг нь аваачаад хийж л байсан. Миний ойр дотнын хүмүүс ч байж л байна. Майханд амьдарч байгаа улсуудтай зөндөө таарна.
Хөвсгөл аймагт сэтгэл санааны хүнд байдалд ороод зарим хүмүүс нь өнгөрч байх шиг байна. Зарим нь бүр орох оронгүй болсон. Нэгнээсээ нууж хааж мөнгө хийсэн хүмүүс ч байсан. Тэд маш хүнд байдалд ороод явж байна" гэлээ. 

https://ikon.mn/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn