ХӨВСГӨЛ: “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Мод үржүүлгийн газар байгуулна
"Ногоон хэрэм" төслийн захирал И Сон Гил Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, төслийн хүрээнд хийх мод үржүүлгийн газрын зураглал, төлөвлөгөөг танилцууллаа.
Монгол Улсын цөлжилтийг бууруулах шар шороон шуургатай тэмцэх, ойн түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээх зорилгоор Монгол - Солонгосын "Ногоон хэрэм" төслийг Хөвсгөл аймагт 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн хүрээнд Мөрөн хотын онгоцны нисэх буудлын урд байрлах 15 га талбайд мод үржүүлгийн газар бий болгож түүнийг түшиглэсэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, судалгааны талбайг байгуулахаар төлөвлөсөн. Мод үржүүлгийн газар байгуулах ажил өнгөрсөн 8 дугаар сард эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар цахилгаан татсан, худаг гаргасан, хашаа барьсан зэрэг бэлтгэл ажил хийж байна.
Энэ удаагийн уулзалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, төслийн багаас туслах ажилтнаар ажиллах иргэд шаардлагатай байгаа гэв. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Мод үржүүлгийн газарт ажиллах боловсон хүчнийг БНСУ-ын их, дээд сургуульд ойн чиглэлээр холбож зуучилж өгч сургах боломжтой гэдгийг онцолж байв. Тус аймаг мод үржүүлгийн газартай болсноор үндэсний хэмжээнд өрнөж байгаа "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд тарих модны нөөц бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.