ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

383

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын хувьд ирээдүйн амьдралынхаа хамгийн хариуцлагатай шийдвэрийг гаргах мөч хаяанд ирсэн энэ үед тэдний зорилго, тэмүүлэлд дэмжлэг болохоор ХААН Банк шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.
Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас тус хөтөлбөрийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ жилийн хувьд уламжлал ёсоор Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж буй бөгөөд нийгмийн идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтийг нь харгалзан 60 сурагчид сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг хэлбэрээр олгох юм.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн сурагчид дор дурдсан материалыг бүрдүүлэн 2022 оны 5-р сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өмнө өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хүлээлгэн өгнө үү.
Үндсэн шалгуур:
  • Сурлагын голч дүн 85% ба түүнээс дээш
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд олимпиад, уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн бол давуу тал
  • Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон байх
Бүрдүүлэх материал:
  • Анкет /Уг хөтөлбөрийн анкетийг ЭНД дарж татан авна уу/
  • Цээж зураг /3×4 хэмжээтэй/
  • 11-р ангийн бүтэн жилийн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт
  • Анги удирдсан багшийн тодорхойлолт
  • Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт, эсвэл спорт, урлагийн чиглэлээр гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар
  • “Монгол Улсад оруулах миний хувь нэмэр” сэдвийн хүрээнд 500-гаас дээш үгтэй эссэ бичих
ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 16 жилийн хугацаанд нийт 1,900 гаруй оюутан хамрагдан, энэхүү тэтгэлгийн эзэн болж, зорилгоо нэг алхмаар урагшлуулж  чадсан билээ. Төгсөх ангийн сурагч та бүхэнд ч бас энэ хөтөлбөрт хамрагдан, ирээдүйдээ хөрөнгө оруулах боломж бий.
Дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны лавлах утас 1800-1917 дугаараас авах боломжтой.
Жич: Хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээн авахгүй гэдгийг анхаарна уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn