Зөвхөн Хөвсгөл нуурыг бус эко системийг бүхэлд нь хамгаална

410

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу түүний ивээл дор   Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хоёр өдөр, дөрвөн салбар хуралдаанаар  үргэлжилсэн чуулган өнөөдөр  нэгдсэн хэлэлцүүлгээ хийж, зөвлөмж гаргах юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд байхдаа дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутагт олгосон мянга орчим лицензийг цуцалж, 1985 онд Хөвсгөл нуурын ёроолд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргах шийдвэр гаргасан нь биелэлээ олсон. Түүнчлэн “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг  санаачлан эхлүүлсний дотор Хөвсгөл нуур, түүний  эко системийг бүхэлд нь хамгаалах асуудлыг дэвшүүлсэн нь ийнхүү хэрэгжиж эхлээд байна.

Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур  дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэгд тооцогддог. Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техникүүд, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас  нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж,  ус  нь ихээр   бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ Хөвсгөл нуурын эко системд учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд, нутгийн иргэд, нуур түшиглэсэн аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, судлаачид болон эх орноо, эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл, санал санаачилга, хандлага, хариуцлага, хамтын ажиллагаа чухал байгааг  тэмдэглэв.

Түүнчлэн:
•Хөвсгөл нуурыг аюултай хог хаягдлаас нэн даруй цэвэрлэж, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх,
•Нуурт живсэн машин, техникийг татан гаргах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2024 он гэхэд нуурыг живсэн машин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусгах,
•Хөвсгөл нуурын орчмын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эмзэг байдлын судалгааг хийж, эрсдэлийг бууруулах арга аргачлал, загварчлал, тооцооллыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг нь хангах,
•Хөвсгөл нуурыг судлах төв байгуулж, нуурын усны чанарын лабораторийг шинэчилж, өргөжүүлэх,
•Нуур орчмын аялал жуулчлалыг дэмжсэн дэд бүтэц болон менежментийн үйл ажиллагааг сайжруулах, хог хаягдлын цэгийг яаралтай шилжүүлэх, дахин төлөвлөх,
•Нуур орчмын газар олголтыг цэгцлэх, нэмж газар олгохгүй байх, аялал жуулчлалын баазуудын байршлыг оновчтой төлөвлөх, стандарт тогтоох,
•Ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөх,
•Усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, бүртгэлийг шинэчлэх зэрэг асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж, үйл ажиллагааг нь цэгцлэхэд анхаарал хандуулан ажиллах ёстойг хэллээ.

Чуулганы  үеэр 2004 онд 7716 жуулчин Хөвсгөл нуурт хүрч аялсан бол өнөөдөр дээрх тоо 12 дахин өсч, 90 мянга гаруй жуулчин очдог болсон. Нуурын эргэн тойронд 120 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 50 гаруй аяллын завь ажиллаж, олон арван худалдаа, үйлчилгээ явагдаж байгаа гэсэн мэдээллийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан танилцуулсан юм.
“Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр өрнөсөн үндэсний чуулган өнөөдөр нэгдсэн хэлэлцүүлэг хийж, зөвлөмж  гаргана.
Зууны мэдээскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn