Хөвсгөл далайг дэлхийд данстай болгох ажил эхэлжээ

553

Хөвсгөл далайд 30 гаруй машин, техник живсэн гэсэн тойм тоо байдаг ч хэд гэдгийг нарийн тогтоож чадаагүй байгаа. Далайн ёроолд шатахуун ачсан тээврийн хэрэгсэл ч цөөнгүй гэдэг нь тодорхой. Хэрвээ шатахуун нь алдагдвал далай ээж маань бохирдох аюул жилээс жилд нэмэгдсээр л.
Машин, техникийг татаж гаргах тухай нэг бус удаа ярьж байсан ч хөрөнгө мөнгөний гачаал, дээрээс нь чин хүсэл, зориг байгаагүйгээс өнөөг хүртэл бахь байдгаараа байлаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа зоримог шийдвэр гаргаж, шаардагдах хоёр тэрбум төгрөгийг нь ч шийдвэрлэсэн юм.
Нэгэнт хөрөнгө мөнгө нь байгаа учир эхний ээлжинд далайн ёроолд байгаа Сүхбаатар хөлөг онгоцыг татаж гаргах судалгааны ажил ид үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаашид далайн усны чанарыг байнга судлах, хянах судалгааны төв байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газарт чиглэл болгосон тухай таатай мэдээ ч сонсогдлоо. Дээр нь Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэх ажлаа яаравчлахыг ч сануулж.
ЮНЕСКО-гийн гишүүн 193 орныг эгнээндээ нэгтгэсэн Засгийн газар хоорондын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл ирэх оны 10 дугаар сард хуралдах үеэр Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Манай тал дархадуудын соёлын онцлог болон далайн байгалийн онцлог байдал хосолсон гэдгээр нь Холимог өвийн төрөлд бүртгүүлэх боломж байна. Бүртгүүлчихвэл Хөвсгөл далай маань дэлхийд данстай болохоос гадна байгаль хамгаалах чиглэлээр хийсэн ажил, тулгамдаж байгаа асуудал зэрэгтэй холбоотой тайлангаа энэ зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, тэдний дэмжлэг, туслалцааг авах боломж бүрдэнэ.
“Хүн ба шим мандал” хөтөлбөр нь хүн, байгалийн зохистой харьцааг дэмжих, байгаль орчныг бохирдуулах, байгаль экологид сөрөг нөлөөтэй санаатай болон санаандгүй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлдэг дэлхийн сүлжээ. Тэгэхээр бид Хөвсгөл далайгаа хамгаалах, цэнгэг байдлыг нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс оронтой хамтран ажиллана гэсэн үг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn