Төлийн дуу цангинаж, газрын хөрс эрээнтсэн хөдөө нутгийн хавар

480


  • Цаг хатуу жил харгана, шавагнаас өөр хамар хатгах өвсгүй нүцгэн талд хүн, мал хүчээ шавхаж, зүтгэдэг нь хөдөө нутгийн онцлог. Харин энэ өвлийг Марал нутгийн түмэн зоо тэнэгэр давжээ
  • Ийнхүү хөндий талд хоточ нохдын дуу цуурайтаж, аргалын утаа хөх тэнгэр өөд суунаглах малчны хотонд ирлээ. Уяан дээр нь уналганы хоёр тэмээ байх бөгөөд морины хашаандаа зун наадамд сойх хурдан хүлгүүдээ хашжээ
  • Мал маллаад 20 гаруй жил болж буй А.Батдэлгэр энэ хугацаанд эрдэнэт сүргээ өсгөж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн, өнөө жил Улсын аварга малчны болзол хангасан байна
  • Байгаль дэлхий өнгө засаж, хүйтний эрч сулрах урин цаг сайхан ч малчин түмний чөмөг шалгасан их ажил энэ улиралд эхэлдэг. Учир нь айл бүрийн хотонд мал төллөж, нялх төлөө хүлээж авахын тулд малчид шөнө сэргэг, өдөр соргог байж, өглөө, үдшийг үл ялган хөдөлмөрлөдөг. Ийнхүү амсхийх чөлөөгүй ажилладаг эгэл малчны хотноос сурвалжилга бэлтгэх зорилго өвөртлөн хотоос 900 орчим киломертын зайд орших Баянхонгор аймгийн Хүрээмарал сумыг зорилоо 
Хаврын хавсарга хацар шилбүүрдэж, өнжмөл шаргал өвс салхины аясаар найгана. Хязгаар нь үл үзэгдэх уудам талд хунгар цас ханзарч, нялх төлийн дуу салхины исгэрээтэй хоршин аялгуулах нь эх дэлхийн эргэлтээр Монгол нутагт минь урин хавар айлчлан ирснийг илтгэнэ. Хавар цагийн урь, тав тухыг эвдэх мэт үе, үе хуй босож, хуурай шороо хөндийг бүрхэх нь тал нутгийн хавар тогтуун байдаггүйг гэрчлэх мэт. Байгаль дэлхий өнгө засаж, хүйтний эрч сулрах урин цаг сайхан ч малчин түмний чөмөг шалгасан их ажил энэ улиралд эхэлдэг. Учир нь айл бүрийн хотонд мал төллөж, нялх төлөө хүлээж авахын тулд малчид шөнө сэргэг, өдөр соргог байж, өглөө, үдшийг үл ялган хөдөлмөрлөдөг. Ийнхүү амсхийх чөлөөгүй ажилладаг эгэл малчны хотноос сурвалжилга бэлтгэх зорилго өвөртлөн хотоос 900 орчим киломертын зайд орших Баянхонгор аймгийн Хүрээмарал сумыг зорилоо. 
Цаг хатуу жил харгана, шавагнаас өөр хамар хатгах өвсгүй нүцгэн талд хүн, мал хүчээ шавхаж, зүтгэдэг нь хөдөө нутгийн онцлог. Харин энэ өвлийг Марал нутгийн түмэн зоо тэнэгэр давжээ. Зуншлага сайхан байж, өвөл цас бага унасан тул газрын хөрс шаргалтаж, мал тарга тэвээрэг сайтай байлаа. Сар шинийн баярын өдрүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд сумын төв рүү орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, төрийн албан хаагчид харуулд гарчээ. Учир байдлаа тайлбарлаж, халуунаа хэмжүүлж, асуумж бөглөөд, сумын төвөөс 20 орчим километрийн зайд өвөлжиж буй Норовлин гуравдугаар багийн малчин А.Батдэлгэрийнхийг зорив. Нар мандахтай зэрэгцэн зорьсон газрынхаа ойролцоо ирэхэд гэрийн эзэн, дунд хүүгийн хамт төл малаа бэлчээж байв. Сурвалжилга хийх зорилготой ирсэн тухайгаа дуулгахад “Ах нь ярихдаа маруухан. Гэхдээ чи өөрөө орчин нөхцөлийг нь хараад, асуух зүйлээ асуугаад бичнэ гэвэл дургүйцэх зүйлгүй ээ” гээд хүү Б.Сүх-­Очиртоо “малаа тогтоочихоод, араас ирээрэй” гэж захиад тэмээ хөлөглөн, бидэнд зам заасаар, гэрийн зүг тэшүүлэв. Ийнхүү хөндий талд хоточ нохдын дуу цуурайтаж, аргалын утаа хөх тэнгэр өөд суунаглах малчны хотонд ирлээ. Уяан дээр нь уналганы хоёр тэмээ байх бөгөөд морины хашаандаа зун наадамд сойх хурдан хүлгүүдээ хашжээ. Биднийг очих үед гэрийн эзэгтэй Р.Цэен­-Ойдов малын хашаа, хороогоо цэвэрлэж, хонины унасан ноос, хаягдсан хээлийг шуудайлж байсан юм. Тэрбээр “Өдөр ч цаг харах завдалгүй л өнгөрнө дөө. Ер нь малчдад амрах хугацаа гардаггүй юм. Цас, зудгүй жил өвөл арай ажил багатай байдаг. Гэхдээ л хийх зүйл ар, араасаа ундарсаар л байна. Одоо ч их ажлын цаг эхэлж байна даа. Мал төллөж дуусаагүй байхад л ямаагаа самнаж эхэлнэ. Дараа нь ноосоо хяргана. Мөн сааль, сүүний цаг болж, идээ цагаагаа бэлтгэнэ. Тэгээд намрын ажил үргэлжилнэ шүү дээ. Гэхдээ бүлтэй бол торохгүй л дээ. Хүүхдүүд сургуульдаа явчихсан, хүн хүч цөөтэй цагт л хүнд байдаг юм. Энэ жил харин хичээл орох хугацаа нь хойшлоод, ам бүлээрээ сайхан байна” гэж ажил, хөдөлмөрөө тайлбарласаар гэрийн зүг алхав. Гэрийн үүдээр ороход шар тосны үнэр хамар цоргиж, охин Б.Отгонцэцэг шар тостой, хийцтэй цай даргиулж байлаа. Ээжийгээ хот, хороогоо цэвэрлэж, байх хооронд бага дүүгээ асарч, өглөөний цайгаа бэлтгэж буй нь энэ аж. Харин удалгүй төл малаа хариулж буй дүүтэйгээ солигдож, хонио харахаад яаран одлоо.
А.Батдэлгэрийнх таван хүүхэдтэй. Хүү, охин хоёр нь хотод амьдардаг. Харин том хүү Б.Батсуурь өнгөрсөн жил цэргээс халагдаж ирсэн бөгөөд хүүгээ малчин болгохоор бэлтгэж буйгаа хэллээ. А.Батдэлгэр “Эмэгтэй хүүхэд сургууль, соёл бараадаж, боловсрол эзэмших хэрэгтэй гэж боддог болохоор охиноо их сургуульд оруулсан юм. Харин эр хүн мал дагаад буруудахгүй ээ. Том хүүгээ бидний залгамж болох байх гэж найддаг юм. Хоёр дүү нь жаахан болохоор малчин болох эсэхийг нь мэдэхгүй л байна. Мал маллахгүй гэхийг үгүйсгэх аргагүй. Одооны хүүхдүүд хөдөө байх дургүй болж. Болж өгвөл л төв, суурин газар бараадах хүсэлтэй байдаг юм шиг байна лээ. Биеийн амрыг бодсондоо л тэр байх” гэлээ. Биднийг ийн хуучилж байтал хонинд явсан хүү нь “Хоёр хонь хургаллаа” хэмээн хурганы уут үүрсээр орж ирлээ. Тэднийх анхны төлөө шинийн 1-­ний өдөр хүлээж авсан бөгөөд дөрөв хоногийн дотор 20 гаруй хонь хургалжээ. Харин ямаа нь энэ сарын 15­-наас хойш ишиглэж, дөрөвдүгээр сараас мал төллөж дуусах аж. Шинэхэн төллөсөн хонь, хургаа төл малтайгаа нийлүүлсэн хүү нь хонио аль энгэрт, хэрхэн хариулах тухай зааварчилга аваад, дахин тэмээндээ мордон, шогшууллаа. Өвөл, хаврын цагт уналга, эдэлгээнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой мал тэмээ аж. Учир нь өл сайн даадаг бөгөөд шуурга, салхинд элч, нөмөртэй гэнэ.
Харин зуны улиралд малаа мориор хариулахыг хичээдэг тухайгаа хэлж байлаа. Малыг малаар хариулах нь тарга, тэвээрэгт тустай бөгөөд, унаа тэргэнд гамтай, бензин, тосонд ч хэмнэлттэй учир тэднийх малдаа мотоцикль, машин хөлөглөхөөс татгалздаг байна. А.Батсуурийг хониндоо мордоод удаагүй байтал гаднаас бага хүү нь орж ирэв. Тэрбээр 10 настай бөгөөд малд дүйтэй, аав, ээждээ тустай нэгэн бололтой. Төл малаа тогтоогоод ирэх үүргээ гүйцэтгэсэн бөгөөд улаа бутарсан хацар, гараа галд ээн, инээнэ. Хүүхдийн тус чамлахааргүй дэмтэй нь үүнээс харагдаж байв. Гэрийн хойморт одон, медаль гялалзаж, аймгийн аварга малчин, алдарт уяачийн малгайг хоймортоо залжээ. Мал маллаад 20 гаруй жил болж буй А.Батдэлгэр энэ хугацаанд эрдэнэт сүргээ өсгөж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн, өнөө жил Улсын аварга малчны болзол хангасан байна. Тэрбээр “Ах нь анх 200 орчим малтай өрх тусгаарлаж байлаа. Харин одоо малын тоо 1800­-д хүрсэн байна. Мэдээж багагүй хөдөлмөр шаардсан. Гэхдээ энэ зүтгэлийг маань төр засаг үнэллээ. Энэ онд манай нутгаас Улсын аварга малчин хоёр төрсөн. Түүний нэг болсондоо баяртай байна. Нутгийн удирдлага болон төр засгийн зүгээр малчин түмний хөдөлмөрийг үнэлж байгаа нь том урам болж байна” гэлээ. Хавар цагт бог малаа төллөсөн, хээлтэй, сувиагаар нь ялгаж, тус тусад нь хариулдаг байна. Ийнхүү ангилсан хонь, ямаагаа тус, тусад нь хариулдаг бөгөөд малд явсан хүн гэртээ ирэх нь тун ховор. Тиймээс өглөөнөөс үдэш хүртэл мал дагах хүүхдүүддээ гэрийн эзэгтэй хоол, цай бэлтгэж, хүргэдэг аж. Түүнийг бэлтгэсэн хоолоо хүүхдүүддээ хүргэхээс урьдаж А.Батдэлгэр гуай хонь, малаа эргэж, салхи, шуурганы байдлыг ажиглан, заавар, зөвлөгөө өгөөд ирнэ. Харин гэргий нь ар гэрийн ажлаа тун шалмаг гүйцэтгэж оногдсон ажлаасаа хэн ч үл цааргална. Ийнхүү хүн бүр тус, тусын ажлыг гүйцэтгэж, тун завгүй байсаар өдөр хурдан өнгөрлөө. Нар уулын цаагуур орж, улаан туяа татахтай зэрэгцэн төл малаа туусаар Б.Отгонцэцэг ирлээ. Тун удалгүй, шинэхэн хургаа ууталсаар, сувиа болон төллөх малынхаа хамт хүү нь ч мөн харилаа. Үүрийн гэгээнээр гарч, өдрийн турш нэг уулын эргэн тойронд өөр, өөрийн үүргийг хариуцлагатай гүйцэтгэсэн тэд гэрийн тооноор од гялалзахтай зэрэгцэн цугларч, ээжийнхээ бэлтгэсэн халуун хоолыг амтархана. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn